Йемений Ерөнхийлөгч огцрохгүй гэв

Хуучирсан мэдээ: 2011.09.30-нд нийтлэгдсэн

Йемений Ерөнхийлөгч огцрохгүй гэв

Йемений Ерөнхийлөгч Али Абдулла Салех сөрөг хүчнийхэн түүнд сонгуульд өрсөлдөх боломж олгохгүй бол огцрохгүй гэж мэдэгдсэн байна. Гурван сар гадаадад эмчлүүлсний эцэст өнгөрсөн долоо хоногт эх орондоо ирсэн Салех “Time” сэтгүүл болон “Washington Post” сонинд өгсөн ярилцлагадаа Йемен иргэний дайны ирмэгт ирээд байгааг анхааруулсан байна. Түүнийг эх орондоо эргэн ирсний дараа эсэргүүцлийн бослого хөдөлгөөн улам гаарч байгаа талаар тус улсад суугаа олон улсын сурвалжлагчид бичсээр байна.

Тэрбээр Персийн булангийн орнуудаас санал болгож буй хэлэлцээнд оролцохоос татгалзсан юм. Уг хэлэлцээ нь дэд ерөнхийлөгч Абдрабух Мансур Хадид эрх мэдлээ шилжүүлэх тухай юм. Салех Йеменд эргэн ирснийхээ дараа "Хэрэв би эрх мэдлээ шилжүүлэн өгвөл босогчид төрийн эргэлт хийх болно” гэж ярьсан байна. Ерөнхийлөгчийн ордонд гарсан халдлагад өртөж хүнд шархадсан Салех Саудын Арабид мэс засалд орж эмчлүүлж байсан юм.  Йемений Ерөнхийлөгчтэй ярилцлага хийсэн сурвалжлагчид түүнийг гүн сорвитой болсноос гадна сонсголын бэрхшээлтэй болсныг тэмдэглэсэн байна. Өнгөрсөн нэгдүгээр сард нийслэл Санаа хотын талбайд эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлсэн босогчид түүнийг огцрохыг шаардсаар байгаа юм.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж