“Зориг сан” оюутнуудад тэтгэлэг гардуулна

Хуучирсан мэдээ: 2011.09.30-нд нийтлэгдсэн

“Зориг сан” оюутнуудад тэтгэлэг гардуулна

“Зориг сан”-гаас өнөөдөр МУИС-ийн нэгдүгээр байрны дугуй танхимд 11.30 цагт 60 эмэгтэй оюутанд дөрвөн жилийн сургалтын тэтгэлэг гардуулах гэж байна. АНУ-ын Азийн сангаас хэрэгжүүлж буй Азийн орнуудын боловсролын хүртээмжийг дээшлүүлэх үйл ажиллагааны хүрээнд тус сан Ширин Панжу Мэрали сантай хамтран МУИС, ШУТИС-д шинээр элсэн орсон 60 эмэгтэй оюутанд тэтгэлэг олгохоор болжээ. Уг хөтөлбөрийн зорилго нь санхүүгийн бэрхшээлийн улмаас их, дээд сургуульд суралцах бололцоогүй сурлага сайтай залуу эмэгтэйчүүдэд туслахад оршдог юм. Ширин Панжу Мэрали сангийн санхүүжилтээр хэрэгжүүлдэг уг тэтгэлэгт хөтөлбөр нь өрсөлдөөнтэй явагддаг бөгөөд энэ хичээлийн жилд дээр дурьдсан сургуулиудад элсэн орсон 274 эмэгтэй оюутан материал бүрдүүлж өгснөөс Азийн сан болон Зориг сангийн төлөөлөгч нараас бүрдсэн баг 161 оюутантай нэг бүрчлэн ярилцлага хийж, шинжлэх ухааны бакалаврын сургалтад шинээр элсэн орсон 48, нийгмийн шинжлэх ухааны бакалаврын сургалтад шинээр элсэн орсон 12 эмэгтэй оюутанд тэтгэлэг олгохоор болжээ. Уг тэтгэлэгт дөрвөн жилийн сургалтын төлбөр, ном, сурах бичгийн зардал зэрэг багтжээ. Өнгөрсөн хичээлийн жилд тус тэтгэлэгт хөтөлбөр Монгол Улсад анх зарлагдаж, 60 эмэгтэй оюутан хамрагдаж байсан бол энэ жилийн 60 оюутантай нийлээд нийт оюутны тоо 120-д хүрчээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж