Алекс Фергусон: Премьер лиг агуу баялгийг үйлдвэрлэгч болсон шүү дээ

Хуучирсан мэдээ: 2011.09.30-нд нийтлэгдсэн

Алекс Фергусон: Премьер лиг агуу баялгийг үйлдвэрлэгч болсон шүү дээ

Нэгэн үе Италийн хөлбөмбөгийн дээд лиг “Сери А” тухайн үеийнхээ хамгийн шилдэг хөлбөмбөгчдийг ногоон талбайдаа тоглуулж чадаж байх тэр үед энэ лигийн тэмцээнийг “бага дэлхийн аварга” хэмээн өргөмжилж байсан юм. Тэгвэл одоо тийм сүртэй нэр хоч авахыг хүсэхгүй байгаа ч Английн хөлбөмбөгийн Премьер Лиг дэлхийн хамгийн анхаарал татсан хөлбөмбөгийн лиг, жинхэнэ үзүүштэй тулааны талбар болоод байгаа билээ.

Премьер лигийн хамгийн олон удаагийн аварга баг “Манчестер Юнайтед” хэдийнээ алдар цуутай клуб болж амжилтын замнал нь домог болсон ч энэ жилийн улирлын эхнээс л огт авч үзээгүй цомын төлөө өрсөлдөж байгаа мэт дайчин тоглолттой, гялалзсан шинэ залуу одуудтай баг болон гарч ирсэн нь Премьер Лигийг чимсэн содон үзэгдэл байлаа.  Энэ гайхалтай шинэчлэлийн эзэн нь мэдээж домог болсон дасгалжуулагч  Сэр Алекс Фергюсон юм. Шотланд гаралтэй энэ эрхэм өдгөө 69 настай бөгөөд “Манчестер Юнайтед” клубийг 1986 оноос хойш удирдсаар иржээ. Цоо шинэ эрч хүчийг багтаа хэрхэн авчирсан болоод Премьер Лигийн эргэн тойрон дахь амьдралын тухай юу боддог талаар нь түүнтэй ярилцсан ВВС-ийн сонирхолтой ярилцлагыг та бүхэнд хүргэе.


ВВС: Сэр Алекс, шинэ улиралд Манчестэр Юнайтед баг илт хүч нэмж, бас олон шинэ залуу тоглогчдыг багтаа авсан байна. Энэ нь Аваргуудын Лигийн өнгөрсөн улирлын шигшээ тоглолтод Барселона багт хожигдсонтой ямар нэг байдлаар холбоотой болов уу?

Бүр хоёр жилийн өмнө Ром хотноо мөн л Аваргуудын Лигийн шигшээ тоглолтод “Барселона” баг манай багийг хожих үед л бид яаж ийм төвшинд гарах вэ гэж бодож эхэлсэн л дээ. Энэ хугацаанд бид мэдрэгдэхүйц амжилтад хүрсэн, бас авъяаслаг залуу үе ч өсөж торнилоо. Тэгэхдээ шинэ багийг бүрэлдүүлэхэд ганц хоёр жил хүрэлцэхгүй, наад зах нь 5-6 жил хэрэгтэй болдог. Багийн одоогийн бүрэлдэхүүнд нэг үед өсөж хөгжицгөөсөн Жонес,Уэльбек, Клевэрли гээд залуус орж ирсэн нь сайхан байна. Одоо 20,21-тэй эдгээр залуус маань алдарт Гиггз, Скоулз, Нэвиль, Бэкхэмийн үеийг нэр төртэй залгамжлах болно гэж бодож байгаа.

ВВС: Багийг шинэчлэх иймэрхүү шийдвэр яаж төрдөг юм бэ? Үүнд санаандгүй шийдлүүд нөлөөлдөг үү, эсвэл урьд өмнөөс төлөвлөсөн байдаг юм уу ?

Энэ багт урт удаан хугацааны турш ажиллах аз завшаан надад тохиосон юм. Орчин үеийн хөлбөмбөгт байгаа нэг том асуудал бол багийн дасгалжууулагч нарт багтайгаа ажиллах хангалттай хугацаа өгдөггүй үзэгдэл юм. Ихэнхдээ л бараг нэг жил болов уу үгүй юу халж орхидог. Харин ийм нөхцөл байдлын дунд Алексийг халах тухай хэн ч ярихгүй байгаа нь надад өөрийн ажлыг 2-3 жилийн өмнөөс төлөвлөж гүйцэлдүүлэх боломжийг олгодог юм. Үүний зэрэгцээ яг ийм боломжийг надтай цуг 20 жил энэ багт зүтгэж ирсэн дасгалжуулагчийн штабын бүрэлдэхүүнд ч олгож байгаа нь сайн хэрэг. Ийм болохоор бид өөрийн багтаа авч болох ирээдүйтэй тоглогчдыг анхааралтай судалж сонгох бололцоотой байдаг юм.

ВВС: Таны удирдлагад байсан тухайлбал, Бэкхэм зэрэг тоглогчид танаас айдаг байсан тухайгаа ярьдаг. Ийм удирдах арга барилын талаар та юу хэлэх вэ?

Мэдээж хүн бүрт өөрийн гэсэн арга барил байдаг. Гэхдээ би өөрийгөө тоглогчдодоо хэтэрхий хатуу ханддаг нэгэн гэж хэлж чадахгүй. Тодорхой тохиолдолд тоглогчийг  магтаж сайшаах хэрэгтэй байдаг, тэгээд ч би үүнээс хэзээ ч татгалзаж байгаагүй. Юм бүхэн багийн эрх ашгийн төлөө л хийгдэх учиртай. Би өчигдөр болоод өнгөрсөн зүйл рүү эргэж харах дургүй. Маргааш гэхэд миний бүх зүйл шинэ байх болно, би ч дараагийн тоглолтдоо гарах хэрэгтэй байдаг. Яахав, амьдралд үлгэр домог шиг зүйл хангалттай байдаг. Хэрэв энэ бүхнийг сонсож багийнхны хувцсаа солих өрөөнд миний шидэж хагалсан гээд байгаа аяганы тоог гаргах юм бол энэ хов жив ямар их хэмжээгээр “давслагдсан” бэ гэдэг нь мэдэгдэнэ л дээ.   

ВВС: Таныг хожигдох дургүй хүн гэж хэлбэл болох уу?

 Би ч хожигдох дургүй л дээ. Гэхдээ сүүлийн үед хожигдолдоо илүү тайван, биеэ барьж ханддаг болоод байгаа. Тэрхэн хооронд уур хүрдэг л дээ. Гэхдээ одоо бол тэгэсгээд л тайвширчихдаг болсон. Ер нь бол бидний ажил ийм л байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй байгаа юм. Үүний зэрэгцээ Англид дасгалжуулагчаар ажиллана гэдэг мэргэжлийн талаасааа маш их өөрчлөлтийг амсаж байгаа. Жишээлэхэд л, одоо манай багт 15 үндэстний тоглогчид байна. Тэдэнтэй харилцах явцад англи болоод шотландуудаас эрс өөр сэтгэлгээний янз бүрийн онцлог төлөөлөлтэй тулгарах болдог. Янз бүрийн зан төлөв,ааш араншин байгаа шүү дээ.Энэ бол дасахаас өөр аргагүй энгийн л үйл явц болж байна.

ВВС: Тоглолт үзэх тасалбарын үнэ нэмэгдэж байгаа нь хөлбөмбөгийн ирээдүйд нөлөөлөх вий гэж та санаа зовж байна уу?

Би үргэлж ажилчин ангийн санаа бодлыг дэмжсээр ирсэн. Би цэнгэлдэхэд тоглолт үзэх тасалбарын үнийг хүмүүсийн авч байгаа цалингийн хэмжээтэй уялдуулж тогтоохыг уриалж ирсэн хүн. Саяхан би Лондонд тоглолтын тасалбар ямар үнэтэй байгааг хараад зүрх зогсчих шахсан. Бид залуусыг цэнгэлдэхэд авчрахын төлөө санаа тавих хэрэгтэй байна. Гэтэл үүний хажуугаар багууд ямар нэг цом, шагнал авах гэж тоглогчдын солилцоонд асар их мөнгийг үрж байна. Аймаар ихийг шүү. Үнэн хэрэгтээ бол төлж байгаа мөнгөнийх нь хэмжээнд ч хүрэхээргүй тоглогчдын төлөө илүү ихийг төлсөөр л байгаа юм. Би харин ийм зүйл хийх дургүй.

ВВС: Премьер Лигийг хөлбөмбөгийн хорхойтнуудын сонирхлыг татсан хэвээр нь байлгахын тулд юу хийх хэрэгтэй бол?

Хөлбөмбөг гэдэг асар их мөнгийг дагуулах болсон тул өнөөдөр тоглолтуудыг багууд хянахаа больж, харин мэдээллийн корпорациуд мэдэх болсон. Телевиз гэхэд  л өнөөдөр хаан, бурхан болж хувирсан. Дамжуулагч компаниуд улирлын тоглолтуудаас аль нэг тоглолтыг нь сонгож аваад өөрийн тохиромжтой гэж үзсэн цагтаа эхлүүлэхээр “зоож” орхидог болсон. Жишээ нь бидний хувьд гэхэд л лхагва гаригийн орой Аваргуудын Лигт тоглочихоод бямба гаригийн өдөр нь Английн аваргын төлөө тоглолттой болж таардаг. Гэтэл бидний өрсөлдөгч багууд маань  хамаагүй таатай нөхцөлтэй тоглолтоо явуулж байдаг. Хэрэв татгалзах эрх нь байдагсан бол дэлхийн нэг ч дасгалжуулагч  манайх шиг ийм тоглолтын хуваарийг зөвшөөрч хүлээж авахгүй байсан.

ВВС: Тэгэхээр та телевизэд хэтэрхий их эрх мэдэл байна гэж хэлэх гээ юу?

Тэгэлгүй яахав. Манай “чөтгөрүүд”-тэй гэрээ хийхийн тулд мөнгө төлж таарна. Тэгэхээр миний бодлоор бол багууд телевизүүдээс илүү их мөнгө авах ёстой гэж бодож байна. Яагад гэвэл Английн Премьер лигийг дэлхийн 200 оронд үзүүлж байгаа. Манай лигийн тоглолтууд шударга өрсөлдөөний жинхэнэ илэрхийлэл байдаг, тэгээд ч хөгжөөн дэмжигчид маань салшгүй хэсэг нь болж явдаг болохоор  Премьер лигийг маш хүчирхэг “баялгийн үйлдвэрлэл” болгож байгаа юм. Тийм ч болохоор Премьер Лигийн ирээдүйд санаа зовох зүйл надад алга байна.

Удахгүй тэмдэглэлт ой тань болох гэж байна даа… ?

Тийм, 12-р сард 70 нас хүрлээ. Би 60 хүрээд ч, 65 настай байхдаа ч зүдэрч ядарч, хийж байгаа ажлаа төвөгшөөж байсангүй. Би одоо ч энд байгаадаа баяртай байдаг. Хэрэв бурхан 70 настайдаа ч эндээ бай гэж байгаа бол…Үгүй тэгээд одоо баярлаж бахархахаас өөр яах вэ дээ.

Жич: Энэ ярилцлага зөвхөн хөлбөмбөг сонирхогчдын хувьд ч биш, бас ВВС агентлагийн хувьд чухал зүйл байсан аж. Учир нь алдарт дасгалжуулагч  Алекс  Фергюсон 2004 оноос тус агентлагт ямар ч ярилцлага өгөхгүй гэж эсэргүүцэл зарлаад байсан юм. Энэ нь тухайн жил тэр үедээ хөлбөмбөгийн зуучлагчаар ажиллаж байсан түүний хүү Жейсоныг буруутгасан баримтат киног ВВС агентлаг гаргасантай холбоотой байжээ.    

Сэр Алекс Фергюсон (Английн “Манчестер Юнайтед” багийн дасгалжуулагч )  Тэрээр 1941 онд Шотландын Глазго орчмын Гован хэмээх хотод эмээгийнхээ гэрт төржээ. Хөлөг онгоцны үйлдвэрийн туслах ажилчны хүү тэрээр 16 настайдаа Шотландын хөлбөмбөгийн ”Куинс Парк” хэмээх багийн довтлогчоор анх удаа хөлбөмбөгийн ногоон талбайд уригдсан байна. Хожим нь энэ тоглолтынхоо талаар өөрөө ярихдаа “хар дарсан зүүд шиг л байсан” гэж хэлсэн боловч залуу довтлогч Алекс Фергюсон эхний тоглолтдоо л нэг гоол оруулж амжсан гэнэ. Улмаар Шотландын Лигт нэг улирлын 45 тоглолтод 51 гоол оруулсан гээд амжилт нь өндөр авч, тэр  ч байтугай шотландын “Рэнжерс” багт тухайн үедээ лигийн хамгийн үнэтэй наймаа болсон 65 мянган фунт стерлингээр зарагдаж байсан аж.
Харин Фергюсоны дасгалжуулагчийн чадвар 1974 оноос эхлэн илэрч тэр ондоо мэргэжлийн хөлбөмбөгчний замналаа дуусган “Ист Стринглишир” хэмээх багт дасгалжуулагч болжээ. Өнөөгийн алдарт дасгалжуулагч ийнхүү амжилтынхаа гарааг 32 настайдаа эхлүүлсэн бөгөөд тухайн үедээ долоо хоногт 40 паундын цалин авч байсан нь одоо мэдээж инээдтэй санагдах биз.

Улмаар Шотландын алдарт “Абердин” багийг Европын тавцанд амжилтад хүргэж байсан түүнийг 1986 оны 11-р сарын 6-д “Манчестер Юнайтед” багт урьсан ажээ. Түүний хамгийн анхны хийсэн ажил нь багийн зарим тоглогчдын архидалтыг зогсоож, багийн сахилга батыг дээшлүүлэх болж байжээ. Уйгагүй, хатуу сахилга баттай түүний чармайлтаар Премьер Лигийн доод хэсэгт буюу 21-р байранд явж байсан “Манчестер Юнайтед” баг тухайн улирлыг 11-р байранд бичигдсэн амжилтаар дуусгасан байна. Дараагийн улирал гэхэд л Премьер Лигтээ “Ливерпүүл”-ээс найман онооны зөрүүтэйгээр дэд байрт орж чадав. 1995-1996 оны үед “Манчестер Юнайтед” багт “Фергигийн ангаахайнууд” хэмээн нэрлэгдсэн хэсэг шинэ залуу тоглогчид орж ирсэн байна. Тэд бол Фергюсоны “торниулсан” Дэвид Бэкхэм, Гарри болон Фил Нэвиль, Пол Скоулз, Никки Батт нарын хожмын алдартнууд байсан аж. Тэд хөлбөмбөгийн ногоон талбайд алдарт багийн өмсгөлтэй гарч ирмэгцээ л жинхэнэ адтай  “улаан чөтгөрүүд” болохоо харуулж богинохон хугацаанд “Манчестер Юнайтед”-ийн хамгийн чухал тоглогчид болж багийнхаа ээлж дараалсан ялалтуудыг байгуулахад хувь нэмрээ оруулсан юм.

Алекс Фергюсон өдгөө Форбес-ийн жагсаалтаар дэлхийн хамгийн “үнэ цэнэтэй”  баг болчихоод байгаа (1.84 тэрбум ам.доллараар үнэлэгдсэн) “улаан чөтгөрүүд”-ийг удирдаж эхэлснээсээ хойш Английн Премьер лигт 12 удаа түрүүлүүлж, Английн цомыг таван удаа хүртэж, Аваргуудын Лигийн цомыг хоёр удаа авсан амжилтад хүргэж чадаад байна. Мөн УЕФА-ийн супер цом, тив хоорондын цом болон 2008 онд болсон багийн дэлхийн аваргын цомуудыг хүртсэн нь ч энэ эрхмийн гавъяа бөгөөд 1999 онд Их Британийн Хатан хаанаас хөлөг баатрын хэргэм хүртсэн Сэр Алекс Фергюсон одоогоор Премьер Лигтээ хамгийн олон дээд амжилт тогтоосон дасгалжуулагч болжээ. Багаа зөвхөн удирдаж амжилтад хүргээд зогсохгүй дараагийн шинэ оддыг бэлтгэдэг ­Фергюсоны удирдсан “Манчестер Юнайтед” Английн дээд лигийн энэ оны улирлын эхнээс шинэ залуусынхаа эрч хүчийг хашир тоглогчдын авъяас туршлагатай хослуулан дараалсан таван ялалт байгуулахдаа эсрэг багийн хаалганд 21 гоол оруулж хөгжөөн дэмжигчдээ хөөргөж чаджээ. Тэдний ялагдалгүй тоглолтын цуврал үргэлжилсээр байгаа бөгөөд домогт дасгалжуулагчтайгаа хамт эхэлж байгаа 25 дахь улирлын эхэнд “Манчестер Юнайтед” Премьер Лигийг тэргүүлсэн хэвээр явна.

М.Наст

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж