
Улсын драмын эрдмийн театраар овоглосон “Драмын дөрөв” хамтран Австрийн нэрт зохиолч Стефан Цвейгийн “Танихгүй эмэгтэйн захидал” зохиолоос сэдэвлэн бүтээсэн “Үл таних эмэгтэй” кино энэ сарын 3-нд “Соёмбо”, “Өргөө” кино театрт нээлтээ хийсэн билээ. Харин тэд өнөөдөр 19.00 цагт “Тэнгис” кино театрт “Үл таних эмэгтэй” киноныхоо нээлтийг хийх гэж байна. Энэхүү киноны “Өргөө” кино театрт хийсэн нээлтийн үеэр тус киноны гол дүрд тоглосон драмын эрдмийн театрын жүжигчин Г.Отгонцэцэг “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнуулсан юм. Мөн саяхан болж өнгөрсөн “Улаанбаатар” кино наадам, Академийн дээд шагнал гардуулах ёслолд эл кино арван номинацид нэр дэвшин “Шилдэг зураач” номинацид Т.Ганхуяг шалгарсан билээ.
Энэхүү уран сайхны киног “Пара” буюу Н.Наранбаатар найруулж, соёлын тэргүүний ажилтан С.Болд-Эрдэнэ, О.Долгор нар гол дүрд нь тогложээ. “Үл таних эмэгтэй“ кино нь бүсгүйчүүдийн дотоод ертөнцийг илүү түлхүү гаргасан, эмэгтэй хүний ухаан, сэтгэлийн тэнхээ, тэсвэр тэвчээрийг харуулсан бүтээл болсон хэмээн найруулагч Наранбаатар хэлсэн юм.
”Үл таних эмэгтэй” киноны “Чамайг хайрлана”дууг гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа, соёлын тэргүүний ажилтан, дуучин Л.Чулуунбат нар дуулсан юм.
Г.Даша