Хөтөл, Орхонтуул, Хүдэр сумд цахилгаангүй байна

Хуучирсан мэдээ: 2011.09.29-нд нийтлэгдсэн

Хөтөл, Орхонтуул, Хүдэр сумд цахилгаангүй байна

Дархан,Сэлэнгийн бүс нутагт энэ сарын 27-28-нд шилжих шөнө цаг агаарын онц аюултай үзэгдэл болсны улмаас эрчим хүч дамжуулдаг 20 гаруй тулгуур багана унаж, дээрх аймгуудын хэд, хэдэн сум өнөөдрийг хүртэл цахилгаангүй харанхуй сууж буй юм. Иймд үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Улсын Онцгой комисс өнөөдөр хуралдаж, мэдээлэл сонсон, албан даалгавар гаргалаа.

Эрчим хүчний газрын дарга Ц.Баярбаатарын хэлснээр өнөөдрийн байдлаар Ерөө, Хөтөл, Орхон-туул, Хүдэр зэрэг сумд цахилгаангүй байгаа аж. Эдгээр сумдыг ирэх аравдугаар сарын 1-н гэхэд цахилгаанаар хангана, тэр болтол тулгуур багануудыг сэргээн босгох ажил хийгдэнэ гэж мэдэгдлээ.

Одоогийн байдлаар эрчим хүчний шугамыг сэргээн засварлах ажилд 100 гаруй хүн дайчлагдан ажиллаж буй гэнэ. Хөрөнгө болоод хүн хүчний хувьд дутагдаж гачигдсан зүйлгүй гагцхүү тулгуур багануудыг шинээр дахин босгох зэрэг ажилд хугацаа нэлээд зарж буй болохыг тэрбээр онцоллоо. Ер нь эрчим хүчний тулгуур багана унасан тохиолдол гурав дахь удаагаа тохиолдож байгаа аж. Хэрэв өвлийн идэр ес тачигнах үеэр ийм явдал болсон бол аймгаараа, сумаараа хөлдөх аюул нүүрлэж мэдэхээр байгаа. Тиймээс гамшиг тохиолдсон үед явуулын цахилгаан үүсгүүрээр хангадаг болох шаардлагатай байна гэсэн мэдэгдлийг мөн Эрчим хүчний газрын дарга өглөө. Энэ ч зорилгоор тодорхой хөрөнгийн эх үүсвэрийг төсөвт суулгаж өгөх хүсэлтээ Эрдэс баялаг, эрчим хүчний яамны зүгээс гаргаад байгаа. Төсөв хэлэлцэх үеэр энэ асуудлыг дэмжиж өгөхийг Улсын Онцгой комиссынхноос хүслээ.  

Мөн нэг зүйлийг онцолход эрчим хүч дамжуулах тулгуур багануудыг 1963, 1985 онд босгожээ. Тиймээс дахин байгалийн гамшиг тохиолдоход өөр газрынх унахгүй гэх баталгаагүй аж. Иймд багануудыг сэргээн засварлаж, бэхлэх чиглэлээр салбар хариуцсан яам арга хэмжээ авах шаардлагатай гэсэн албан даалгаврыг Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд гаргалаа. Мөн дээрх гамшгийн улмаас төвийн бүсийн цахилгаан дамжуулах газар нь хоёр тэрбум гаруй төгрөгийн хохирол амссан байна. Харин тэдгээрийг судалж үзсэний үндсэн дээр 870 орчим тэрбум төгрөгийг Засгийн газраас гаргаж өгөх хүсэлт тавьсныг энэ удаагийн хуралдаанаас хүлээн авлаа. Асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж, танилцуулж байж, шийдвэр гарна.
Түүнчлэн Улсын Онцгой комиссын даргын зүгээс цахилгаангүй байгаа сумдыг аравдугаар сарын 1-н гэхэд гэрэл гэгээтэй болгохыг мөн үүрэг болголоо.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж