
-“Малын галзуу өвчний дуудлага ихэссэн” хэмээн мэдээлж байсан. Энэ нь юунаас шалтгаалж байгаа юм бол?
-Мал, амьтны халдварт галзуу өвчин вирусээр үүсгэгддэг. Үндсэндээ малын тархины эд, эсийг гэмтээж, их хэмжээний хор үүсгэдэг юм. Хор нь галзууруулах нөлөө үзүүлснээр үүсдэг өвчин юм. Энэ өвчин нь хүн, малын болон байгалийн голомтот халдвартай өвчин. Сүүлийн үед уул уурхайн үсрэнгүй хөгжилтэй холбоотойгоор өвчний тохиолдол их гарах болсон. Ялангуяа хээрийн чоно, үнэг, нохой гээд бусад зэрлэг ан амьтад өвчлөх нь ихсэж байгаа. Өнгөрсөн онд л гэхэд уг өвчний 480 гаруй тохиолдол бүртгэгдсэн гэсэн мэдээ байна.
-“Уул уурхайн үсрэнгүй хөгжилтэй холбоотойгоор галзуу өвчний тохиолдол ихэссэн” гэдгийг тодруулахгүй юү?
-Галзуу өвчний вирус байгальд удаан хугацаагаар оршин тогтнох чадвартай байдаг. Гурван сар болж байж бүрэн арилдаг. Бүр цаашлаад хүйтэн, сэрүүн нөхцөлд гурван жил тэсвэрлэх чадвартай байдаг. Тийм учраас энд тэнд үхэж үрэгдсэн зэрлэг ан амьтдын сэг зэмэн дээр их хэмжээгээр вирус нь хадгалагдах нь бий. Хамгийн гол нь байгальд химийн хор, бордоо их хэмжээгээр тархсаны улмаас галзуу өвчний вирусын өөрийн биед нь байгаа зүйл идэвхжиж, өвчин үүсгэх магадлал нь ихэсдэг юм.
-Галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх тал дээр танай яамнаас ямар арга хэмжээ авч байгаа вэ?
-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас малын галзуу өвчинтэй тэмцэхэд жилдээ 30-40 сая орчим төгрөг зарцуулдаг. Ийм хэмжээний өртөгтэй вакцин үйлдвэрлэж, орон нутгийн захиалгаар нийлүүлдэг юм. “Биокомбинат” Төрийн өмчит үйлдвэрийн газар 1930-аад оноос урьдчилан сэргийлэх вакцин үйлдвэрлэж ирсэн. Амьд болон идэвхгүйжүүлсэн хоёр төрлийн вакцин үйлдвэрлэдэг. Голдуу амьд вакциныг орон нутгийн захиалгаар нийлүүлдэг юм. Өөрөөр хэлбэл, гаднаас ямар нэгэн тусламж авахгүйгээр малын галзуу өвчнөөс урьдчилан сэргийлж байгаа гэсэн үг. Галзуу өвчнөөр нэгэнт өвчилсөн малыг устгахаас өөр арга байхгүй. Устгаад бусад малыг вакцинжуулдаг. Түүнчлэн гадны өндөр хөгжилтэй орнуудаас галзуу өвчнийг оношлох хоёр төрлийн бэлдмэлийг авч ашиглаж байгаа. Энэ нь орон нутагт уг өвчний тохиолдол илэрлээ гэж бодоход хурдан, шуурхай арга хэмжээ авах боломжийг бүрдүүлж байгаа юм.
-Өнөөдөр /өчигдөр/ уг өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр тохиож байгаа юм байна?
-Галзуу бол мал, амьтан турахад хамгийн ихээр нөлөөлдөг өвчин. Тиймээс ч бусад орнууд ийнхүү тэмцэж байгаа хэрэг. Манай улс ч гэсэн гадны орнуудтай адил бодлого хэрэгжүүлж байгаа. Ялангуяа мал сүргээ хамгаалах, өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг малчдад сурталчлах ажлыг зохион байгуулдаг юм.
"Улс төрийн тойм" сонин