
“Хятад улс дэлхийн эдийн засгийг сайжрахад маш их нөлөө үзүүлсэн” гэж Хонг-конгод байрладаг “Goldman Sachs Group Inc” компанийн ахлах эдийн засагч Michael Buchanan ярьж байна. Хятад улс 2008 оны долоодугаар сараас хойш нэг ам.доллартай харьцах юанийн ханшаа 6.83 байлгаж байгаа бөгөөд дэлхийн хоёрдугаар дайнаас хойш анх удаагаа хамгийн том хямралтай тулгараад байгаа экспортлогчидоо дэмжих байр суурь баримталж байгаа юм. Гэсэн ч тус улсын экспортын төвшин өнгөрсөн жил 34 хувиар унаж 196 тэрбум ам.долларын худалдааны илүүдэлтэй гарсан.
Geithner өчигдөр Хятадад айлчилсан явдал болон АНУ-ын Санхүүгийн департамент Хятадын талаар гаргах тайлангаа хойшлуулсан явдал нь доллар-юаний ханшны уялдаатай байдлыг ойрын хугацаанд төгсгөл болгох болно гэж эдийн засагчид таамаглаж байна. Өмнө нь 2005 оны долдугаар сард Хятад юанийнхаа ханшийг ганц шөнийн дотор 2.1 хувиар хөдөлгөж байсан юм. Ойрын үед Хятадын засгийн газар юанийн доллартай харьцах ханшийг 0.5 хувийн дотор хэлбэлзэхийг зөвшөөрөх шийд гаргаж магадгүй гэж “Goldman Sachs” таамаглаж байна.
Өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал энэ оны гуравдугаар сард Хятадын экспорт 26.9 хувиар өссөн байна. Хятадын эдийн засгийн өсөлт 2009 оны дөрөвдүгээр улирлын байдлаар 10.7 хувь байгаа нь 2007 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт байна. Хятадын экспорт ойрын ирээдүйд нэмэгдмэгц импортын илүү байдал алга болох болно. “Худалдааны алдагдал түр зуурынх гэж бид итгэж байна” гэж эдийн засагчид ярьж байна. Хятадын банкнууд энэ оны хоёрдугаар сард 700.1 тэрбум юаны зээл гаргасан бол гуравдугаар сард 729.5 тэрбум юанийн зээл гаргасан гэж “Bloomberg” мэдээлж байна.
Т.Санаа