“Гэгээн муза”-д нэр дэвшигчид тодорлоо

Хуучирсан мэдээ: 2011.03.07-нд нийтлэгдсэн

“Гэгээн муза”-д нэр дэвшигчид тодорлоо

Драмын урлагийн шилдэг бүтээлийг шалгаруулах “Гэгээн Муза 2010”  наадам энэ сарын 27-нд болох гэж байна. Өнөөдөр Драмын эрдмийн театрт “Гэгээн муза” наадмыг зохион байгуулагчид тус наадамд  нэр дэвшигчдийн батламжийг гардуулан хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл хийлээ.
Драмын урлагийн шилдгийг шалгаруулдаг “Гэгээн муза” наадам энэ жил найм дахь жилтэйгээ золгож байгаа юм. Өмнө нь драмын хоёр төрлөөр уран бүтээлчид өрсөлддөг байсан бол энэ удаад “Драмын жүжгийн төрөл”, “Хөгжимт жүжгийн төрөл”, “Хүүхдийн жүжгийн төрөл” гэсэн гурван төрлөөр шалгаруулахаар болжээ.
Шилдгийн шилдэг бүтээлд олгодог гранпри шагналын цомыг дагалдах мөнгөн шагнал нь уламжлал ёсоор таван сая төгрөг байх нь ээ. Энэ жилийн “Гэгээн Муза” наадамд төвийн болон орон нутгийн театруудын 2010 онд шинээр бүтээж үзэгчдийн хүртээл болгосон арван жүжгийн 50 гаруй уран бүтээлч өрсөлдөж байна. Мөн энэ жилээс эхлэн драмын урлагийн ирээдүйн үзэгч, уран бүтээлчдийг дэмжих зорилгын дор “Хүүхдийн оролцоотой шилдэг уран бүтээл”-ийг шалгаруулан жил бүр уламжлал болгон явуулж байхаар болжээ.
Драмын жүжгийн төрөлд:
-Улсын драмын эрдмийн театрын бүтээл В.Красногоровын “Хунгийн дуу”
– “Би ч гэсэн жаргамаар байна”
– “Солиотой”
-Архангай аймгийн Д.Ичинхорлоогийн нэрэмжит Хөгжимт бүжгийн театрын бүтээл Ч.Түвшингийн “Юу хүсч байгаагаа мэдэх үү?” жүжгүүд өрсөлдөж байгаа бол
Хөгжимт жүжгийн төрөлд:
-Дундговь аймгийн “Төв халхын дуулалт жүжгийн театр”-ын Д.Төрбат, Т.Зөнбилэг нарын “Цагаан гарьдын цадиг”
-Сүхбаатар аймгийн хөгжимт драмын театрын бүтээл Ж.Доржгочоогийн “Жаахан шарга”
-Завхан аймгийн Л.Ванганы нэрэмжит хөгжимт драмын театрын бүтээл Д.Дамдинсүрэн , Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой”
-Төв аймгийн “Монгол туургатан” театрын бүтээл “Миний чин зоригт бяцхан найз”  жүжиг тус тус “Гэгээн муза 2010” наадамд өрсөлдөхөөр боллоо.
Харин “Хүүхдийн оролцоотой шилдэг уран бүтээл”-д
-Өвөрхангай аймгийн хөгжимт драмын театрын бүтээл “Аргат бяцхан баатар”
-Өвөрхангай аймгийн “Суварга” театрын бүтээл “Эвтэй дөрвөн амьтан”
-Дундговь аймгийн Хүүхдийн төлөө хэлтсийн дэргэдэх Хүүхдийн театрын бүтээл “Тэнгэрийн тэмдэг” жүжгүүд өрсөлдөж байна.
Энэ жил “Гэгээн муза” наадамд уламжлал ёсоор “Шилмэл загвар”, “Монгол костюмс”, “Exclusive”, “Эрд сүлж”, “Алтай кашмер”, “Аяс кашмер”, “Хайрын хурим”, “Топ Ази”,” Bess tailor” зэрэг загвар зохион бүтээх агентлаг, хувцас загварын салонуудын шилдэг зохион бүтээгчдийн урласан ёслолын ажиллагааны гоёлын хувцсаар уран бүтээлчид гоёх юм байна. Мөн түүнчлэн “Vidal” салоны хамт олон энэ сарын 27-ны ёслолын үйл ажиллагаанд зориулж нэр дэвшигчдийн гоёлын үс засалт, нүүр будалтыг хариуцан хамтран ажиллахаар болжээ.
“Гэгээн муза 2010” наадмын номинациудад өрсөлдөж буй жүжгүүдийн тоглолтын хуваарь:
-20-нд 19.00 цагт Драмын тайзнаа “Хунгийн дуу” жүжиг
-21-нд 19.00 цагт Драмын тайзнаа “Жаахан шарга” дуулалт жүжиг
-22-нд 16.00 цагт Хүүхэлдэйн театрын тайзнаа “Цагаан гарьдын цадиг”
-22нд 19.00 цагт Драмын тайзнаа “Учиртай гурван толгой” жүжиг
-23-нд 15.00 цагт Хүүхэлдэйн театрын тайзнаа “Миний чин зоригт бяцхан найз”
-23-нд 19.00 цагт Драмын тайзнаа “Солиотой” жүжиг
-24-нд 15.00 цагт Хүүхэлдэйн театрын тайзнаа “Амьдрал томьёо” жүжиг
-24-нд 19.00 цагт Драмын тайзнаа “Хязгааргүй” жүжиг
-25-нд 19.00 цагт Драмын тайзнаа “Юу хүсч байгаагаа мэдэх үү?” жүжиг
-26-нд 19.00 цагт Драмын тайзнаа “Би ч гэсэн жаргамаар байна” жүжиг тус тус тоглогдоно.
“Гэгээн муза 2010” наадмын хүрээнд “Боловсрол” телевизтэй хамтран “Гэгээн муза 2010” цуврал нэвтрүүлгийг бэлтгэн явуулахаар болжээ. Мөн өдөр тутмын хэвлэл “Өнөөдөр, “Ардын эрх” сонинд уламжлал ёсоор энэ сарын 27-ныг дуустал наадмын хүрээнд болж буй үйл явдлыг цувралаар нийтлэх юм.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж