УИХ дахь хэт даврагчдын тоо 99-д хүрэх нь ээ

Хуучирсан мэдээ: 2011.09.28-нд нийтлэгдсэн

УИХ дахь хэт даврагчдын тоо 99-д хүрэх нь ээ

УИХ-ын 2012 оны сонгууль болдгоороо болно. Болох ёстой жүжгийг та бид үздэгээрээ үзнэ. Гэхдээ энэ удаад нэгэн онцгой өөрчлөлт гарч мэдэх нь. Тэр бол “УИХ 76 биш, 99 гишүүнтэй болно ” гэх мэдээлэл юм. “Яасхийж энэ 76-г эрүүл сэтгэлгээтэй, зөв бодолтой хүнээр солих вэ” хэмээн халаглаж байсан олон хүн цаашид “Энэ 99-ийг яах вэ” гэдэгт санааширч ёуудаг болох бололтой. Үүний төлөө эрх баригч хоёр намын зүгээс УИХ-ын тойргийн тоог 99-д хүргэж, сонгуулийн тогтолцоон дээр маргаж мэтгэлцэх хүслээ хазаарлах нь дамжиггүй. Өнгөрсөн нэг жилийн турш “УИХ-ыг аль тогтолцоогоор нь сонгох вэ” гэдэг дээр мэтгэлцээнийхээ гол утгыг чиглүүлж байсан тэд өнөөдөр дээрх тоон дээр санал нийлж эхэллээ. Эрх мэдэл байгаа цагт бүхнийг өөрийн хүслээр хийж болохын баталгаа гэгч нь энэ. Уг хувилбарыг УИХ баталлаа гэхэд Ардын нам хүссэн мажоритар тогтолцоогоо хадгалж, Ардчилсан намынхан пропорциональ тогтолцоонд өөрсдийн аз хийморийг даатгах нь дамжиггүй. Яг л “Хүсэл бүхэн биелэх болтугай” хэмээх ерөөл тэдний хувьд биеллээ оллоо гэсэн үг. Эцсийн дүндээ тэд үүний төлөө л өөр хоорондоо маргаж, Монголын хамгийн эх оронч нам мэтээр тэмцэж байжээ. Гэтэл ард олон тэднийг Монголд хэрэгтэй зүйлийн төлөө л УИХ-ын хуралдааныг гацааж, ирэх оны төсвийн хэлэлцүүлгийг үл ойшоож, улс оронд хэрэгтэй бүхий л асуудлыг чуулганы танхимд царцаасан байх хэмээн итгэж суугаа. Харамсалтай нь, сонгогч олны итгэл хэзээд талаар болох нигууртай бололтой.

Наад зах нь, энэ санал батлагдлаа гэхэд УИХ-ын гишүүдэд зарцуулах эрхийг нь атгуулдаг тэрбум төгрөгийн нийлбэр 99 тэрбумд хүрнэ. Улс төрийн намуудад парламентад суудалтай болсныхоо төлөө улсаас авдаг мөнгө нь мөн л үржинэ. Нэг гишүүний сарын цалинг дунджаар 800 мянган төгрөг гэж үзвэл 60 гаруй сая төгрөгийн сарын зарлага 80 саяд хүрнэ. Гэхдээ энэ бол хамгийн энгийн бас хямдхан зардал шүү дээ. Ордонд одоогийнх шигээ туслах, зөвлөх, ажлын албатайгаа сууна гэж тооцвол Төрийн ордонд хүн багтаж шингэх газар үлдэхээ байна. Тэр хэрээр мөн л зардал нь өснө. Энэ бүхнийг үл тоомсорлолоо гэхэд хамгийн том зардал нь ард олны сэтгэлийг 76 бус 99 гишүүн дөрвөн жилийн хугацаанд баярлуулан гомдоодог болох явдал. Үүнээс  улбаалан худлаа амлалт, хөөрөгдөл, улстөржилт, төсвийн үрэлгэн зардал, засаглалын тэнцвэргүй байдал гээд төрд бугшсан эмгэг бүхэн үржиж, арвижна. Тэр үед тэдний муу үйл бүхнийх нь төлбөрийг тэд бус харин ард түмэн итгэл найдвараараа, улс орон ирээдүйн хөгжил дэвшлээрээ төлнө. Магадгүй тэд их удалгүй УИХ-ын гишүүний тоог 99-д хүргэсэн шигээ хоёр танхимтай парламентыг та бидэнд тулгаж мэдэх юм. Хүссэн бүхнээ биелнэ хэмээн итгэсэн хүмүүсийн хувьд энэ зэргийн тулгалтыг үргэлжлүүлэн хийхэд чадахгүй, мэдэхгүй зүйл байхгүй нь гарцаагүй шүү дээ.

Тэгвэл УИХ 99 гишүүнтэй боллоо гэхэд дараагийн нэг эмзэглэх сэдэв бол “Хэн төр барих вэ” гэдэг асуулт. Гэхдээ энэ асуултад хариулахаасаа өмнө уншигч та өнөөгийн УИХ-ын бүрэлдэхүүнийг анхааралтай гэгч сонжиж үзээрэй. Олонх нь улс төрийн шоу зохион байгуулж, түүндээ өөрсдөө оролцон тоглогчид. Хэн нэгэн хажууд нь чанга хашгирвал өөрийгөө түүнээс ч илүү чанга хашгирдаг гэдгээ батлахын тулд энгэрээрээ дүүрэн микрофон зүүгээд ч орилж мэдэх нөхөд. Санаачилсан хууль тогтоомжийнхоо үр дүн гэхээс илүүтэй өөрийгөө “Эх оронч” болгож харагдуулах донгоор өвчилчихсөн мэт тийм эрүүл бус сэтгэхүйтнүүд…Үлдсэн хэсэг дунд дуугүй байж байгаад өөрийнхөө ажлыг амжуулаад авах санаатай нөхөд ч бий. Энэ дөрвөн жилийн хугацаанд бизнес нь гайхамшигтай сайхан өргөжсөн хэрнээ улсынхаа төлөө ганц ч хууль санаачилж, ганц удаа ч чуулганы танхимд санаа бодлоо илэрхийлэхээс татгалзсан нэг бус хүн бий. Тэгсэн хэрнээ адууны зүчээ рүү болохоор бөөн бөөнөөрөө хуйларч гүйх дуртай. “Ийм УИХ-ын гишүүн байдаг юм шүү” гэдгийг улсын баяр наадмын үеэр морь нь айрагдаж, түрүүлсэн тухай мэдээллээс л санаж, мэдэх нь бий. Мэдээж энэ дунд жинхэнэ утгаараа УИХ-ын гишүүнийхээ ажлыг хийж, ажилласан шиг ажиллаж буй гишүүн нэгээр тогтохгүй байгаа нь үнэн. Гэхдээ л тун цөөхөн. “Ховрын юм” гэдэг ойлголтоор тэднийг үнэлж болох юм. Ийм байхад дахиад 99 хүнд бид УИХ-ыг удирдах эрх өгөх цаг ойрхон байна.

Энэ тоо жинхэнэ утгаар батлагдсан тохиолдолд өдгөө УИХ-ын гишүүний эрхийг сэрүүн зүүдэлж суугаа олон хүн баярлах нь ойлгомжтой. Тодорхой хэсэг нь мажоритар системээр өрсөлдөх замаар тойргоо өөрийн болгоно. Тэдний араас сонгуулийн сурталчилгаа энэ тэр гэж өөртөө түвэг удахгүй, намдаа тэрбум төгрөгийн хандив өгчихөөд гишүүний мандат гардах бизнес эрхлэгчид ч олон гарна. Гол нь тэд хүслээ биелүүлнэ. Гагцхүү жирийн иргэд л энэ бүхний ард хүсэх ч эрхгүй, нэхэх ч үүрэггүй хоцорно.

Ийм болохоор л УИХ дахь хэт даврагчдын тоо 76 бус 99 болж үржих цаг ирсэн нь энэ биз ээ.

Г.Отгонжаргал

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж