Боксчдын гараа сайн байлаа

Хуучирсан мэдээ: 2011.09.28-нд нийтлэгдсэн

Боксчдын гараа сайн байлаа

Азербайжаны нийслэл Баку хотноо үргэлжилж буй боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдөр буюу өчигдөр Монголын ширэн бээлийтнүүд эхний тулаанаа хийлээ.

AIBA-гаас санаачлан зохион байгуулсан “World Series of Boxing” буюу Дэлхийн лигт тулалдахаар Азербайжаны “Баку Фаейрс” багтай гэрээ байгуулж, нэгэн үе Бакуд амьдарч байсан Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогт дэлхийн аваргын рингэнд тулалдах Монголын тамирчдын салхийг хагалсан юм. ДАШТ-ий хуваарийн дагуу өчигдөр 52 ба 56 кг-ын эхний тулаанууд болсон. 52 кг-ын жинд тулалдаж буй Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогт өчигдөр Болгарын тамирчин Стефан Ивановыг 22:15 (7:6, 6:4, 9:5) харьцаатай ялж, баг тамирчдын ялалтын буухиаг эхлүүлсэн бол үдэш нь 56 кг-д ОУХМ Д.Отгондалай тоглож, өрсөлдөгчөө төвөггүй буулган авлаа. Тэрбээр Армяны тамирчин Ховханнес Бачковтой тоглож, 24:13 (11:4, 8:5, 5:4) харьцаатай хожсон юм. Н.Төгсцогт дараагийн тулаанаа аравдугаар сарын 2-нд Гуанжоугийн Азийн наадмын хүрэл медальт, Энэтхэгийн тамирчин Суранжоу Синхтэй хийх бол Д.Отгондалай аравдугаар сарын 3-нд БНСУ-ын И Жин-Ёнтой тулалдана.

Харин өнөөдөр 56 кг-ын жингийн эхний тойргийн үлдсэн тулаануудаас гадна 81 кг-ын жингийн тоглолтууд болно. 81 кг-д ОУХМ С.Эрдэнэбаяр Шинэ Зеландын боксчин Рис Папунитай тулалдах юм. Дэлхийн аваргын тулаанууд өнөөдөр Монголын цагаар 18.00 цагаас эхлэх ба С.Эрдэнэбаярын тоглолт өнөөдрийн 13 дахь тоглолт нь ажээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж