Өмнөд Солонгосыг зорих залуухан аав “Гурван жилийн дараа их мөнгөтэй ирээд зөндөө олон тоглоом авч өгнө, бас гоё байранд амьдарна” гэж нисэх онгоцны буудал дээр хүүгээ аргадна. Энэхүү сэтгэл сэмлэм дүр зураг 1990-ээд оны сүүлчээс эхлээд харь орныг зорин ажиллаж, амьдарч буй иргэдийн жим одоо хэр үргэлжилсээр байгаа. Гэхдээ албан ёсны хууль, дүрмийн дагуу хоёр улсын гэрээ хэлэлцээрийн дагуу ажиллах боломж бүрдүүлж, өнөөдрийн төвшинд дэвшилд хүрсэн ч гэлээ, Солонгос улсын талаас давуу эрхтэй, манай улс зөвхөн зуучлалын үүрэгтэй хэвээр. Өөрөөр хэлбэл Өмнөд Солонгос улсад ажиллах хүч илгээх гэрээний дагуу шалгалтад тэнцсэн залуусын хилийн дээс алхах эсэхийг гагцхүү солонгос эзний сонголт мэднэ. Хэн бүхэнд ховорхон олдох энэ сонголт нь буюу хар ажил. Энэ сонголтод нийцэхийн тулд жил бүр хэлний бүртгэл, шалгалтын төлөөх “цусгүй дайн” манайд өрнөдөг уламжлал тогтоод нэлээд хэдэн жилийн нүүр үзэж буй. Энэ жил 9957 хүн бүртгүүлснээс солонгос хэлний төвшин тогтоох шалгалтад 5150 хүн тэнцсэн. Эдгээр иргэд ирэх сарын 1-нээс эхлэн эрүүл мэндийн үзлэгт хамруулж, эрүүл мэндээрээ тэнцэхгүй хилийн дээс алхах эрхийн хуудас баяртай болох юм. Хэлний шалгалтын эргэн тойронд болон үзлэгийн талаарх иргэд болон холбогдох албаныхнаас тодруулахаар Хөдөлмөрийн төв биржийг зорилоо.
Хөдөлмөрийн биржийн гол анхаарал Өмнөд Солонгост ажиллах хүч илгээх
“Далай ээж” худалдааны төвийн урд байрлах Хөдөлмөрийн төв биржийн хувьд өчигдөр хөл хөдөлгөөн бага, эль хульхан. Хааяа нэг шалгалтад тэнцсэн залуус эрүүл мэндийн үзлэгийн тов гарсан эсэх, үүдэнд байрлах дэлгэцнээс ажлын байрны захиалгын судалгаа, мэдээлэл харах нэг нь харж, бүртгүүлэхээр ирэгсэд ч мөн төдий дайны, ачаалал багатай байгууллага бололтой дог. Энэ мөчид үдийн цайны цаг ч таарч. Нэг давхрын 1008 тоотод ажилтнуудаас мэдээлэл авахаар хүлээзнэх залуустай цөөн хором хөөрөлдлөө. Ахимаг насны нэгэн эмэгтэй “2010 онд охин маань Солонгос хэлний шалгалтад тэнцсэн ч яах нь мэдэгдэхгүй өнөөдрийг хүрлээ. Цаашид яах гэж байгаа талаар нь сонирхохоор зорьж ирсэн ч мэргэжилтэн гэх залуутай хэл ололцож чадсангүй. Сайтаас мэдээлэл ав, нэр чинь байршсан эсэхийг шалга гэх мэтээр дамжуулагчийн үүрэг гүйцэтгэгчээр сууж байх юм” гэж байв. Харин 22 настай, Баянгол дүүргийн иргэн Б шалгалтад тэнцсэн ч эрүүл мэндийн үзлэг шалгуурыг давах товын талаар сураглахад “Ирэх сарын 1-нд хаанахын ямар эмнэлэгт үзүүлэх нь тодорхой болно. Тухайн үед ирээрэй” гээд буцааж харагдав. Ерөнхийдөө л ажлын байр сурагласан иргэд гэхээс илүүтэй солонгос хэлний шалгалтын эргэн тойрныг тойрсон асуудлаар л иргэд Хөдөлмөрийн төв биржийг зорьж байна гэхэд хэтрүүлсэн болохгүй биз.
Ирэх сарын 1-нээс эрүүл мэндийн үзлэгт хамрагдана
Хөдөлмөрийн төв биржийн захирал А.Зангадаас энэ удаагийн хэлний төвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэд хэзээнээс, хаана эрүүл мэндийн үзлэгт хамрагдах, солонгосын талаас ирүүлж буй ажлын байрны захиалгын талаар зарим зүйлийг тодрууллаа.
-Солонгос хэлний шалгалтад тэнцсэн иргэд хэдийнээс эрүүл мэндийн үзлэгт хамрагдах вэ?
-Ирэх сарын 1-нээс хэн, хаана эрүүл мэндийн үзлэгт хамрагдах талаар тов гарна. Өнөөдрийн байдлаар улсын гурван эмнэлэг, хувийн хоёр лабориторитой гэрээ байгуулах ажил хийгдэж байгаа. Яг одоогоор хэлэх боломжгүй.
-Дээрх эмнэлэгүүдийг ямар шалгуураар сонгож байгаа юм бэ, нэг хүн хэдий хэмжээний төлбөртэйгээр үйлчлүүлэх бол?
-Нэг эмнэлэг дээр ачаалал үүсгэхгүйн тулд тухайн эмнэлгүүдийн ирүүлсэн саналын дагуу л гэрээ хийхээр болсон. Нэг хүн дунджаар 45 мянган төгрөгийн үнэлгээ бүхий эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдах юм.
-Хэлний шалгалтад тэнцээгүй иргэдийн нэрсийн жагсаалтыг гаргахгүй байгаад иргэд тааламжгүй хандахаас гадна, шалгалт элдэв будлиантай болсон гэх хардлагыг ч дагуулж байгаа бололтой?
-Нийтэд нь байршуулах боломж байсан. Гэхдээ хувь хүмүүсийг тэнцээгүй байхад овог нэрээр нь нийтэд зарлах нь зохимжгүй гэдэг үүднээс сайтад байршуулаагүй юм. Хэлний шалгалтыг манай бирж авдаггүй, үүнийг манайхтай холбон хардах дэмий. Өмнөд Солонгосын талаас шалгалт авч тэнцсэн, тэнцээгүйг тогтоодог учиртай. Харин манай талаас тэнцсэн иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулах, ажлын байрны санал ажил олгогчдоос ирүүлсэн цаг хугацаанд мэдэгдэж, ирэх, очих тал дээр зуучлал үзүүлдэг байгууллага.
Үндсэн утга нь бол Хөдөлмөрийн төв бирж гээч нь Монгол Улсын хөдөлмөрийн эрэлт нийлүүлэлтийг хангахад төр ба иргэн хоорондын холбоог нэгтгэдэг байх учиртай. Өнөөдрийн байдлаар тус биржид 41 мянга гаруй иргэн ажил идэвхтэй хайж байгаа бүртгэлтэй боловч бодит амьдрал дээр ажилгүйчүүд хэдэн зуун мянгад тоологдож мэднэ. Биржээр зуучлуулахаас илүүтэй гудамжнаас, сонингийн зар, таньдаг мэддэг хүн гээд бүхий л боломжоороо ажил хайна. Аз дайрсан нэг нь эрэлд гарсан өдрөө шахуу л аман гэрээгээр ажилд орж, удахгүй ажлын хүндийг хийж, чамлалттай цалин хөлсний шан харамжид шантран, ажлаас халагдах гэх мэтээр нэг ажлаас нөгөө ажил руу хамхуул шиг хийсч яваа нь ч бий. Тэдэнд зориулж Хөдөлмөрийн төв биржээс сургалт хийдэг ч “байгаа онохгүй” байна уу даа гэлтэй. Тус биржид өчигдрийн байдлаар 4500 гаруй ажилын байрны санал ажил олгогчийн зүгээс ирүүлсэн байна. Хамгийн эрэлттэй ажлын байрны санал нь нягтлан, хүний нөөц, борлуулалтын менежер, мужаан, цахилгаанчин, барилгын туслах, тогооч. Дээрх эрэлттэй мэргэжилтэй уялдуулан 13 төрлийн сургалт зохион байгуулж байгаа гэх. Энэ мэтээр иргэдэд хүртээмжтэй байх үүднээс нийслэл, аймаг, орон нутгийн иргэдтэй хамтран ажиллах ажлын уялдааг сайжруулах тал дээр илүү анхаарч буй талаар холбогдох ажилтнууд нь энэ үеэр онцолж байв.
Гэвч хэлний болоод эрүүл мэндийн шалгуурт тэнцэх шавхийсэн залуусаа гадаад гүрний хөгжлийн шат нэмэгдүүлэх ажлын хүч бэлтгэхэд анхаарч буй “хазайж, хэлтийсэн” арга барилаасаа салж, эх орондоо эрэлттэй ажлын байранд ажиллах хүч бэлтгэх тал дээр анхаарах цаг болсныг өнөөдрийг цаг үе өөрийн эрхгүй сануулж байх шиг. Иргэдэд сануулахад эцэг эх, эхнэр хүүхдээс хол хэдэн жилээр хүний нутагт хатуу хөтүү ажилд нухлуулахын төлөө бүртгэлд 30 мянга төгрөг, үзлэгт 45 мянга, ирэх очих зардал гээд байр “сав”-аа барьцаалан мөнгөний эрэлд гарч хоорондоо уралдахын оронд хүнд харуулах мэргэжлийн үнэмлэх, бусдад гайхуулах ажлын ур чадвартай байхад биеэ бэлтгэх хэрэгтэй бус уу.