Валютын сангийн нүүдэл ба зэсийн уналт

Хуучирсан мэдээ: 2011.09.28-нд нийтлэгдсэн

Валютын сангийн нүүдэл ба зэсийн уналт

Монгол Улсыг зах зээлийн нийгэмд хөл тавьсан цагаас дэмжиж тусалж, дэргэдээс тулж ирсэн олон улсын санхүүгийн байгууллагуудын нэг болох Олон улсын валютын сангийн суурин төлөөлөгчийн газар Улаанбаатараас нүүх болсноо хэд хоногийн өмнө зарлалаа. Монголын чөлөөт эдийн засаг хөлд орж, борвио тэнийлгэж бусдын гараас хөтлөлгүй тэнтэр тунтар алхаад байхтайгаа болсон гэж тус газрынхан үзжээ. Мөлхөө үеэ ард орхисон болохоор манайх гэрээ ачаалж хөсгөө хөдөлгөлөө шүү гэдгээ хэдхэн хоногийн өмнө сэтгүүлчдээр дамжуулан мэдэгдэв. Энэ талаас нь харвал Монголын эдийн засаг дэргэдээсээ заалгаад байхааргүй тэнцээд явахаар болжээ гэж харж болохоор.

Нөгөө талаасаа бол Монгол Улсын Их Хурал, Засгийн газар ОУВС-гийн анхааруулгыг тэр болгон авдаггүй гөждөг болохоор “буянаараа болог” гээд орхиж байгаа ч юм шиг. Нүүх болсон шалтгаанаа тайлбарлахдаа уг нь манайхыг гайгүй магтсан байна лээ. “Монгол Улсын эдийн засаг хямралаас гайхалтай хурдан сэргэж чадлаа. Хямралыг богино хугацаанд даван туулахад эрх баригчид макро эдийн засгийн оновчтой бодлого хэрэгжүүлж чадсан нь үр дүн дагуулсан гэж хэлж болно. Нөгөөтэйгүүр, дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ сэргэсэн төдийгүй Монголын нүүрсний үйлдвэрлэл хурдацтай өсч, уул уурхайн томоохон хоёр төслийг эдийн засгийн эргэлтэд оруулахаар ажиллаж байгаа нь нэг хүнд ногдох орлогыг нэмэгдүүлж байна. Энэ бол маш том давуу тал” гэжээ. Нүүх болсон хоёр дахь шалтгаанаа суурин төлөөлөгчийн газрын төсвийн нөхцөл байдалтай холбосон байна. Үгэнд ордоггүй үрэлгэн газарт хөрөнгө үрж суурин төлөөлөгч байлгаснаас Токиод байрладаг бүсийн төвөөс удирдах нь дээр гэсэн шийдвэр гаргаснаа дуулгасан. ОУВС хөрөнгө төсөв тааруу тул Монгол дахь суурин төлөөлөгчөө татлаа гэсэн шалтгаан хэлсэн нь төсвийн мөнгөөр жонглёрддог манай эрхмүүдэд далдуур нэг дохио өгөөд л байгаа хэрэг.

Энэ сацуу УИХ-ын эрхэм гишүүдийн дийлэнхийн хорхойсоод буй төсвийн тодотгол хийх саналыг буруу, инфляц хөөрөгдөхөөс өөр зүйл авчрахгүй хэмээгээд олдсон жаахан хөрөнгөө баруун солгойгүй цацаж суутал Монголын голлох бараа түүхий эдийн үнэ дэлхийн зах зээл дээр огцом унавал Монгол Улсын экспортын болоод төсвийн орлого аль аль нь хүнд цохилтод орно гэдгийг сануулсан юм. Учир иймд улсын төсвийн зарлагыг хязгаарлаж, мөнгөний бодлогыг хатууруулах шаардлагатай гэж үзэж байгаагаа ОУВС-гийн Ази, Номхон далайн бүсийн төвийн дэд захирал, Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Стивэн Барнет сэтгүүлчдэд хэлжээ. Гэтэл юу болов?

Дээрх үгийг хэлээд арав хонов уу, үгүй юү гол амин зуулгын маань нэг зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр уначихав. Манай гадаад экспортын 40 хувийг эзэлдэг зэсийн үнийг 5983 ам.доллараар төсөвтөө тусгачихаад, бүтэн жилийн турш 8000 илүү ам.долларт “эргэлдэхэд” нь туйлгүй баярхан “халуурч” суутал 7300 ам.доллар руу огцом гулсчихав. ОУВС-гийнхан нүүдэл суудал ярьж байх үед тонн нь 9300 ам.доллар байсан зэсийн үнэ төсөвт тодотгол хийхээр УИХ-ын намрын чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулсан даруйд ингэж уруудлаа. Юун нөгөө дэлхийн зах зээл дээр тонн зэс 5983,1 ам.доллараас илүү үнээр борлогдвол зөрүү мөнгийг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд зааснаар Тогтворжилтын санд төвлөрүүлж хадгалахтай манатай. Тэгээд ч ирэх аравдугаар сараас санхүү, эдийн засгийн хямралын шинэ давалгаа дэлхийг нөмөрч болохыг гадаад, дотодын судлаачид сануулаад эхэллээ.

Валютын сангийн суурин төлөөлөгч хатуу сануулга өгчихөөд нүүлээ. Манай төсвийг бүрдүүлэгч гол нэрийн барааны нэгийн үнэ ч буулаа. Цалин буухаар зад найрлачихаад зээл тавьж хойд хормойгоороо урдахаа нөхөж суудаг үрэлгэн айл шиг төсвөөрөө нааддаг эрхэм гишүүд төсвийн тодотголоо хамжааргатай хийхгүй бол хоёр оронтой тоонд хэдийнэ шилжсэн инфляцийн пянг иргэд сонгогчид тань даахгүй янзтай. Баярхаж хийсэн төсвийн тодотголоо Тогтворжилтын сангийн мөнгөөр нөхөх хэрэг л гарахгүй байг дээ.

Д.ОЮУНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж