Гишүүд ямар хуулийн төсөл дээр ажиллаж байна?

Хуучирсан мэдээ: 2011.09.28-нд нийтлэгдсэн

Гишүүд ямар хуулийн төсөл дээр ажиллаж байна?

УИХ-ын гишүүний хийх үндсэн үүрэг нь хууль батлан гаргах. Харин энэхүү үүргээ хэрэгжүүлэх боломжгүй үе нь чуулганы завсарлагааны хугацаа билээ. Гэсэн ч энэ хугацаанд гишүүд хуулийн төсөл дээр ажиллаж байдаг. Иймд намрын чуулганы завсарлагааны хугацаанд УИХ-ын гишүүд ямар хуулийн төсөл дээр ажилласан талаар нь сонирхсон бөгөөд цувралаар хүргэх болно.

З.АЛТАЙ: ДААТГАЛЫН НЭРИЙН ДАНСЫГ ӨВЛҮҮЛЭН ҮЛДЭЭХ БОЛОМЖИЙГ ХАРЖ БАЙНА

-Би чуулганы завсарлагааны хугацаанд ганц, хоёр хуулийн төсөл дээр ажиллаа. Нийгмийн даатгалын нэрийн данс хөдөлмөр эрхэлж буй иргэн бүрт бий. Энэ дансыг өвлүүлэн үлдээх тухай хуулийн төслийг хэд хэдэн хуульчидтай хамтран хийлээ. Бид ажилд орсон цагаасаа эхлэн нийгмийн даатгал төлдөг. Энэ нь хөдөлмөр эрхлэхээ больсон тэр үед хэрэглэнэ гэж төрийн банкинд хүүтэй хадгалуулсан миний мөнгө.  Төр олон жил энэ мөнгийг луйвардаж, хулгайлж ирсэн.  Учир нь хүн тэтгэвэрт гарахаасаа өмнө, ганц хоёр жил аваад нас барахыг үгүйсгэхгүй. Ийм тохиолдолд миний мөнгө буцаад төрийн данс руу ордог. Үүнийг өөрчилж, нэрийн дансандаа байгаа мөнгөө үр хүүхэд, гэр бүлийнхэндээ өвлүүлэн үлдээдэг болгох хэрэгтэй. Энд маш их хэмжээний мөнгө бий. Үүнээс гадна ирэх чуулганаар намын хатуу гишүүнчлэлээс татгалзах тухай хуулийг өргөх барихад бэлэн болголоо.

Д.ТЭРБИШДАГВА: ХҮНСНИЙ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛНА ГЭЖ БОДОЖ БАЙНА

-Хүнсний аюулгүй байдлын тухай хуулийг бие даасан хууль болгон улам тодорхой болгох хэрэгтэй байгаа юм. Одоогоор бусад улсын туршлагыг  судалж байна. Энэ хууль сайн гарвал нийт хүмүүст хэрэгтэй. Одоо хүмүүс хотын утаанаас дутуугүй хүнсний хортой зүйлээс айдаг болсон. Амьд явах баталгаа хүнсний аюулгүй байдлаас бас хамаардаг үе болжээ. Ерөнхий сайдын ивээл дор хүнсний  асуудлаар  олон улсын том хурал хийж зөвлөмж гаргасан байгаа. Энэ форумд  Дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас төлөөлөгчөө явуулснаас гадна дэд ерөнхийлөгч нь илгээлт ирүүлсэн. Олон улсын санхүүгийн корпораци, ХБНГУ-ын Эбертийн сан болон бусад олон байгууллагын төлөөлөл ирсэн.  Хүнсний чиглэлийн үйлдвэрүүдийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид ч оролцсон байгаа. Тэгээд бид Хүнсний үзэл баримтлалын номлолтой болъё, Хүнсний аюулгүй байдлын тухай хууль гаргаж Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулъя гэж зөвлөмждөө тусгасан байгаа. Үүнийг ажил хэрэг болгох талаар тууштай ажиллах болно. Намрын чуулганы хугацаанд энэ хуулийн төсөл дээр идэвхтэй ажиллаж, ажлын хэсгийг нь ахлана гэж бодож байгаа.  

Д.ЭНХБАТ: ХУУЛЬ ГЭХЭЭС ИЛҮҮТЭЙ НОГООН ХӨГЖЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ ДЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА

-Сая Шведийн нэгэн бизнесмэнтэй уулзлаа. Швед улсад Монголоос дөрөв дахин их татвартай. Тэр хүн “Шведэд амьдрахад хууль нь ойлгомжтой. Ямар нэгэн зүйл хийхэд яах тухай зөвшөөрөл гээд бүх зүйл нь ойлгомжтой. Дэд бүтэц, банк санхүүгийн систем гээд бүхий л зүйл нь найдвартай, амьдрах орчин нь эрүүл үед би 50 ч хувийн татвар төлөхөд бэлэн байна. Монголд 10 хувийн татвартай байлаа ч би ирэхгүй. Яагаад гэвэл танайх авлигатай, утаатай, бүх зүйл нь замбараагүй” гэж байна. Үнэхээр бидэнд биднийг нэгтгэх итгэл, үндэсний хөгжлийн бодлого маш сул байна. Үүнийг дагаад намуудад улс төрийн хөтөлбөр гэх зүйл алга. Үндэсний үзэл санаагүй, хөгжлийн стратегигүй бол ямар ч уурхайтай байсан бид хол явахгүй. Та ямар Монголыг хүсч байна вэ, улс төрчид түүнийг чинь хийж байна уу гэж та өөрөөсөө асуугаарай. Ингэж бодоод одоогоор аль нэг хуулийн төсөл гэхээс илүүтэй ногоон хөгжлийн үзэл баримтлал дээр ажиллаж байна.

С.ЭРДЭНЭ: ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫГ ШИНЭЧЛЭХ ХУУЛИЙН ТӨСӨЛ САНААЧИЛСАН

Иргэд даатгал төлж байгаа хэрнээ үйлчилгээг нь бүтэн авч чадахгүй байна гэсэн гомдол гаргасаар байдаг. Мэдээж энэ үнэн. Тиймээс хуульд нь өөрчлөлт оруулж асуудлыг шийдэх шаардлагатай болсон. Өнөөдөр даатгалтай холбоотой асуудал иргэдэд хаалттай байдаг. Энэ талын мэдээллийг гаргаж өгөхгүй байна. Хүмүүст ч ямар нэгэн ойлголт алга. Иргэн хүн Эрүүл мэндийн даатгал төлснөөр ямар үйлчилгээ хүртэх, үр ашиг нь юу вэ гэдэг талаар ойлголтгүй явна. Хэдийгээр нийгмийн даатгалын газраас сургалт, сурталчилгаа явуулж байгаа ч энэ нь хангалттай бус байна. Тиймээс зарим нэг өөрчлөлт, шинэчлэлийг заавал хийх шаардлага гарч байгаа болохоор Иргэний эрүүл мэндийн даатгалыг шинэчлэх хуулийн төсөл санаачлан боловсруулаад өргөн барьсан. Хуулийн төслөөр иргэн хүн өөрт зориулагдсан даатгалын санхүүжилтдээ хяналт тавих эрхтэй болох юм. Тус сангаас хэдэн төгрөгөөр эмчлүүлж болно гэж хөрөнгө оруулав, хэрхэн зарцуулж болох талаар сонголтоо хийж болно. Мөн аль эмнэлгээр үйлчлүүлэхээ ч хувь хүн шийдэхээр тусгасан.

Б.МАНД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж