Төсвийн төслийн талаар хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2011.09.28-нд нийтлэгдсэн

Төсвийн төслийн талаар хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 10.00 цагт зарлагдаад байна. Түүгээр хамгийн эхэнд Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг авч хэлэлцэхээр болжээ.  Ийм төрлийн хуулийн төслийг УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир нарын гишүүд санаачлан, УИХ өнгөрсөн оны хаврын чуулганаар хэлэлцэж байсан ч уул уурхайн компаниудад ашиглах тэсэрч дэлбэрэх бодист хяналт тавих болон түүнийг импортоор оруулж ирэх эрхийг Батлан хамгаалах яаманд хариуцуулах нь туйлын буруу. Хуучнаараа  Эрдэс баялаг, эрчим хүчний яамны мэдэлд байх ёстой гэсэн гишүүдийн эсэргүүцэлтэй тулснаас энэхүү хуулийн төслийг бараг жил гаруйн хугацаанд парламентаар хэлэлцэлгүй хойшлуулаад байсан. Харин энэ намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд уг төсөл орж ирсэн тул Засгийн газрын зүгээс мөн боловсруулсан төслөө хэлэлцээд даруй УИХ-д өргөн мэдүүлж, хоёр төслийг нэгтгэн хэлэлцэх боломжийг олгохоор шийдсэн бололтой.

Мөн хуралдаанаар  Монгол Улсын 2012 оны төсвийн төсөл, БНСУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалын дүнгийн тухай, Хятадын коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүний айлчлалын дүнгийн тухай зэрэг асуудлыг авч хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Мөн Дипломат харилцаа тогтоох тухай, Зохион байгуулах хорооны тухай, ”Өндөр технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн тухай, Мэдээллийн аюулгүй байдлыг хангах зарим арга хэмжээний тухай авч хэлэлцэхээр болжээ.      

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж