
-Б.Хурц эх орондоо ирлээ. Тэгэхээр түүнд үүсгэсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж ойлгож болох уу?
-Германы талаас “Танай хүн одоо чөлөөтэй” гэсэн мэдээллийг бидэнд өгсөн.
-Түүнийг Германы руу шилжүүлсний дараа батлан даалтад гаргасан гэх мэдээлэл гарч байсан шүү дээ?
-Батлан даалтад гаргана гэдэг өөр ойлголт шүү дээ. Герман руу шилжсэний дараа батлан даалтад гараагүй.
-Долоо хоногийн өмнө сулласан гэх мэдээлэл бий?
-Үүнд одоо тодорхой мэдээлэл өгөх боломж алга. Би сая хоёрхон минутын хугацаанд л Б.Хурцтай уулзлаа.
-Б.Хурц өөрөө мэдээлэл хийх үү?
-Одоогоор тодорхой мэдэгдсэн зүйл алга байна. Мэдээж өөрөө мэдээлэл хийх байлгүй. Та бүхэн тэр хүнийг бас ойлгох хэрэгтэй. Гэр бүлийнхэнтэйгээ уулзах гэж яарч байгаа нь мэдээж. Тодорхой хэмжээний цаг хугацаа өгөх хэрэгтэй. Ямар ч байсан Б.Хурц эрх чөлөөтэй боллоо. Одоо ажлаа үргэлжлүүлж хийх болов уу.
-Биеийн байдал нь ямар байна вэ?
-Сайн байгаа. Сая цөөн хором уулзахад “Миний төлөө санаа зовж байсан бүх хүмүүст баярласан талархаснаа илэрхийлж байгааг минь дамжуулаарай” гэсэн.
-Германы тал Б.Хурцыг сулласан үндэслэлээ юу гэж тайлбарлаж байгаа вэ?
-Энэ талаар удахгүй албан ёсны мэдээлэл өгнө.
-Б.Хурцыг суллахад манай улсын Засгийн газраас хэдий хэмжээний хөрөнгө гаргасныг мэдээлж болох уу?
-Монгол Улсын Засгийн газраас Б.Хурцыг анх баривчлагдах үед тодорхой хэмжээний төсөв гаргаж өгсөн. Түүнээс хойш өмгөөллийн болон бусад зардлаа өөрөө хариуцаад явсан шүү дээ.
-Б.Хурц суллагдсан нь Ажлын хэсгийн багийнхны ажлын үр дүн гэж ойлгож болох уу?
-Ажлын хэсгийн зорилго бол хүнээ эх оронд нь авчирах байсан шүү дээ.
-Түүнийг сулласныг Германы канцлерийн айлчлалтай холбон тайлбарлаж байгаа. Улс төрийн тохиролцоогоор сулласан гэх яриа сүүлийн үед сонстох болсон?
-Энэ үйл явдал ХБНГУ-ын канцлерийн айлчлалтай ямар ч холбоогүй.
-Эрүүгийн хэрэг үүсгээд байсан хүнээ гэнэт суллах болсонд олон хүн гайхаж байж болох юм?
-Үүнд хариулт өгөх боломж алга. Улс төрийн тохиролцоогоор сулласан гэж ойлгох ямар ч боломжгүй.
-Герман руу Б.Хурцыг шилжүүлснээс хойш шинээр баримт явуулсан юм уу?
-Бид чөлөөлүүлэх талаас нь ажлаа хийгээд явж байсан. Өнөөдөр юу нь нөлөөлсөн талаар ярих боломжгүй байна.
-Талийгаач Д.Энхбатын ар гэрийнхэн Германы хуулийн байгууллагынхны шийдвэрт ямар бодолтой байгаа бол?
-Тэр асуудлыг би мэдэхгүй байна.
-Д.Энхбат агсны хүүхдүүд Германы хуулийн байгууллагад хандан, өргөдөл гаргасан шүү дээ?
-Тийм өргөдөл өгснийг Ажлын хэсгийнхэн мэдээгүй.
ЖИЧ: Б.Хурцтай утсаар холбогдож авсан ярилцлагыг ЭНД дарж уншина уу.