УИХ-д шаардлага хүргүүлнэ гэв

Хуучирсан мэдээ: 2011.09.27-нд нийтлэгдсэн

УИХ-д шаардлага хүргүүлнэ гэв

Иргэний хөдөлгөөнүүд эвсч байгуулсан  “Эх орон-Тусгаар тогтнол-Шударга
ёс” үндэсний хөдөлгөөнийхөн өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд
хэвлэлийн бага хурал хийлээ.  Тэд 2011 оны намрын чуулган эхлэх гэж
байгаатай холбогдуулан өнөөдөр УИХ-д шаардлага хүргүүлэхээр болсноо
мэдэгдэв.  Шаардлагад: 

  • 2008 оны УИХ-ын орон  нутгийн бүх шатны сонгуулиар өнөөгийн эрх
    баригч МАНАН бүлэглэлийн зүгээс амласан бүх амлалтуудаа бүрэн биелүүлэх,
  • 2008 оны сонгуулийн луйвар, хууль бус аргаар төрийн эрхийг авснаас
    үүссэн долдугаар сарын 1-ний өдрийн гэмт үйлдлийн хохирлыг барагдуулж, буруутныг
    илрүүлэн хуулийн хариуцлага тооцох,
  • Эх орны баялгийг гадныханд найр тавьж, улс орны эрх ашгаас урвах
    замаар байгуулсан “Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ” -г нэн
    даруй өөрчилж, энэхүү урвалт шарвалтаа “Таван толгой”-н орд дээр
    давтахаар санаархаж байгаа бусармаг үйлдлээ зогсоох,
  • Сонгуулийн тухай хуулийг Монгол Улс, Монголын сонгогчдын эрх ашигт
    нийцүүлэн яаралтай өөрчилж, Сонгуулийн ерөнхий хороо болон бүх шатны
    сонгуулийн байгууллагуудыг улс төрийн намуудын төлөөлөл бус төрийн
    мэргэшсэн албан хаагчдаар бүрдүүлэн, тэдний ажил үүрэг, хариуцлагын
    тогтолцоог хуулиар тогтоохын хамт сонгууль зохион байгуулахаас эхлэн дүн
    гарах хүртэлх бүхий үйл ажиллагаанд сонгогчид, иргэдийн оролцоо, шударга
    хяналтыг тогтоох нөхцөлийг бүрдүүлэх,
  • 2011 оны хаврын Бүх ард түмний Их хуралдайн шийдвэрээр  “Эх
    орон-Тусгаар тогтнол-Шударга ёс” үндэсний хөдөлгөөнөөс зохион байгуулж,
    орон даяар явуулсан санал асуулгад нийт 860 гаруй мянган хүн оролцож,
    МАНАН-ын Засгийн газарт нийт санал асуулгад оролцогчдын 80 хувь нь итгэл
    үзүүлэхгүй байна, мөн иргэдийн 82 хувь нь Тавантолгойн ордыг 100 хувь
    ард түмний мэдэлд авах хүсэл зоригоо илэрхийлснийг УИХ-аар авч хэлэлцэн,
    зохих шийдвэр гаргах зэргийг шаардаж байна гэжээ.

Өнөөдрийн хэвлэлийн хуралд таван нам, 30  гаруй иргэний хөдөлгөөнийг
нэгтгэсэн  “Эх орон-Тусгаар тогтнол-Шударга ёс” үндэсний хөдөлгөөний
тэргүүн Э.Цолмон, дэд дарга П.Болд, Д.Энхбат нараар удирдуулсан МАХН,
МҮАН, Монголын либериал нам, Монголын ардчилсан хөдөлгөөний нам, “Амлалт
нэхэх ард түмний холбоо”, “Эрс шинэчлэл” хөдөлгөөн, “Алтан ураг,
Чингүнжав" сан, “Нийгмийн хүч” либериал залуучуудын холбоо, “Нийгмийг
гэмт хэргээс урьдчилан сэргийлэх төв” зэрэг нам, эвслийн төлөөлөгчид ирж
оролцлоо.

Н.Туул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж