Ургац тээвэрлэдэг замуудыг засах ажил дуусах тийшээ ханджээ

Хуучирсан мэдээ: 2011.09.27-нд нийтлэгдсэн

Ургац тээвэрлэдэг замуудыг засах ажил дуусах тийшээ ханджээ

Ерөнхий сайд газар тариалангийн бүс нутгуудад ажиллаж ирснийхээ да­раа буюу, өнгөрсөн до­лоо хоногт Төв, Сэлэнгэ, Булган, Дархан-Уул аймгийн ургац тээвэрлэдэг гол замуудыг яаралтай засах шийдвэрийг Засгийн газрын хуралдааны үеэр гаргасан билээ. Энэ жилийн хувьд өмнөх жилүүдийн­хээс илүү га-д тариалалт хийсэн. Бас ойрын хугацаанд авч байгаагүй их ургац  хураах төлөвтэй  байгаа.  Энэ хэрээр ургац тээвэрлэх замын чиглэл, урт нэмэгдэж байгаа ажээ. Мөн энэ зун бороо их орсноос болж орон нутгийн зам, гүүрүүд их, бага хэмжээгээр эвдэрсэн байна. Хэдийгээр өнгөрсөн онд гол замуудыг засах талаар ярьж байсан ч хөрөнгө мөнгө байхгүйн улмаас хойшлуулж, энэ жил дээрх шийдвэрийг гаргасан нь энэ юм.

Дээр дурьдсан аймгуудын ургац тээвэрлэлтийн гол замуудыг засахад зориулж Засгийн газрын нөөц сангаас  292 сая төгрөг гаргахаар болсон. Мөн зам, гүүрийн эвдрэлийг төлөвлөсөн хугацаанд, технологийн дагуу чанартай гүйцэт­гүүлэхийг Зам тээвэр, барил­га, хот байгуулалтын сайдад даалга­сан билээ. Шаардлагатай хөрөн­гийн эх үүсвэрийг Засгийн газрын нөөц сангаас Авто замын газрын дансанд шилжүүлэх ёстой юм. Авто замын газрын Захиргаа, санхүү, хөрөнгө оруулалтын газрын ахлах мэргэжилтэн Л.Энхболдтой уулзаж энэ талаар тодруулахад “Засгийн газрын нөөц сангаас манай байгууллагын дансанд зам засахад шаардлагатай мөнгийг оруулаагүй байгаа. Сангийн яамнаас “Ажлаа хийж дуусга. Дараа нь ажлынхаа гүйцэтгэлийг танилцуул. Түүний дараа мөнгийг шилжүүлнэ” гэсэн хариуг өгсөн. Тэгэхээр одоо зам засвар, арчлалтыг хийж байгаа компаниуд өөрийн хөрөнгөө ажлыг гүйцэтгэж байгаа гэсэн үг. Ер нь бол зам, засварын ажлыг ийм зарчмаар хийдэг” хэмээн ярилаа.  Засгийн газраас гаргасан шийдвэрийн хүрээнд Дархан-Сэлэнгэ чиглэлийн 305 километр замын салдаг уулзвараас Шаамар-Зүүнбүрэн-Цагааннуур-Түшиг сум хүртэлх 107 километр зам, Дулаанхааны дөрвөн замын уулзвараас Ерөө-Хүдэр хүртэлх 180 километр зам, Орхон-Булган аймгийн чиглэлийн замаас Сэлэнгэ сумын Ингэт толгой хүртэлх 45 километр зам, Хулстайн  гурван даваа, Хялганат тосгон дундах 17 километр зам, Булган аймгийн Хутаг-Өндөр сумаас Ханатайн бригад хүртэлх Цуурайн давааны 17 километр зам, Дархан-Уул аймгийн Орхон сум хүртэлх 11 километр зам, Жавхлант сум хүртэлх найман километр зам, Төв аймгийн Багахангай-Угтаалцайдам-Цээл сум хүртэлх 121 километр зам гээд  нийт 468 километр замыг засах шийдвэр гаргасан аж. Эдгээр замуудыг зассанаар ойрын хэдэн жилдээ ургац тээвэрлэх гол замуудын асуудалд санаа зовохгүй байж болох аж. Авто замын газраас мэдээлж буйгаар  хайрган замуудад зохист найрлага бүхий материал нэмж,  хусалт хийх, модон гүүр засварлах зэрэг  ажлуудыг  “Төв-АЗЗА”, “Булган-АЗЗА”, “Сэлэнгэ-АЗЗА”, “Орхон-АЗЗА”, “Дархан-GЗЗА”   компаниуд   гүйцэтгэж байгаа юм байна. Мөн зам, гүүр засах ажил одоо дуусах тийшээ ханджээ. Авто замын газрын Зам ашиглалт, засварын удирдлага, хяналтын хэлтсийн мэргэжилтэн А.Гантулга “Сэлэнгэ аймгийн Шаамар-Зүүнбүрэн-Цагаануур-Түшиг сум хүртэлх замын ажил 50 орчим хувьтай үргэлжилж байгаа. Ингэт толгой хүртэлх 45 километр замын ажил 70 гаруй хувьтай байгаа гэсэн мэдээ ирүүлсэн. Бусад замыг засах ажил бол дууссан. Ерөнхийдөө ажлыг тохиролцсоны дагуу урьдчилан гүйцэтгэж эхэлсэн байсан юм. Засварын ажлын гүйцэтгэлтэй удахгүй танилцах байх” гэлээ.

Т.Урангэрэл

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж