П.Даш нарыг пүрэв гаригт шүүнэ

Хуучирсан мэдээ: 2011.09.27-нд нийтлэгдсэн

П.Даш нарыг пүрэв гаригт шүүнэ

Төсвийн мөнгө шамшигдуулсан хэрэгт яллагдагчаар татагдсан Онцгой байдлын ерөнхий газрын дарга асан, генерал П.Даш, Улсын нөөц бүрдүүлэлтийн газрын дарга асан Л.Алтангэрэл нарын хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн танхимын шүүхэд  пүрэв гаригт 11.00 цагаас хэлэлцэхээр болжээ.  Хурлын даргалагч шүүгчээр н.Туяа, улсын яллагчаар н.Мөнхбаатар нар  оролцох аж. 

П.Даш, Л.Алтангэрэл нарт  хууль хяналтын байгууллагаас  2007 онд  анх эрүүгийн хэрэг үүсгэн  хоёр шатны шүүхээс 4.5 жилийн хорих ял оноосон ч дөрвөн жил   эцэслэн шийдэгдэхгүй сунжирч байгаа юм. Хэрэгт яллагдагчаар татагдсан П.Даш, Л.Алтангэрэл нарыг улсад 300 сая төгрөгийн хохирол учруулсан, бараа материал, машин техникийг тендергүй авсан, холбогдох хуулийг ноцтой зөрчсөн  гэх үндэслэлээр 2007 оноос хойш шалгаж байгаа юм.  Тэднийг эрүүгийн хуулийн 263.2-т зааснаар  буюу төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл, албан тушаалын  байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлэээр буруутгаж байгаа. Хэрэв гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж