Тодорхойгүй байдлын төгсгөл

Хуучирсан мэдээ: 2011.09.27-нд нийтлэгдсэн

Тодорхойгүй байдлын төгсгөл

Оросын ерөнхийлөгч Дмит­­­рий Медведев 2012 оны ерөн­хийлөгчийн сонгуульд Владимир Путины нэрийг дэвшүүлэх санал тавьсан нь гадаадын хэвлэлийн гол сэдэв болж байна. Хослолын тодорхойгүй байдал дууссаныг тэд тэмдэглэжээ. Гэхдээ зарим хэвлэлээр нь Оросын эдийн засгийн байдал болон Путин Медведевт итгэл муутай байгаа тухай бичиж эхэлжээ.

“Медведевийн санал нь олон сарын турш явагдсан байраа тавьж өгөх үү, эсвэл өөрөө зүтгэх үү гэсэн таамаглалд төгсгөл тавилаа” гэж Британийн “Telegraph”  бямба гаригт бичсэн байв. “New York Times” сонин эрх баригч намын хурлын үйл явдал Оросын улс төрийн бодлогыг өөрчлөхгүй гэнэ. “Ноён Медведев төрийн оролцоог хязгаарлах талаар уриалж байсан нь дэвшилтэд хүрээний дэмжлэг авсан. Гэхдээ тэрээр ерөнхийлөгч байх хугацаандаа улс төрийн болон шүүхийн шинэчлэлд мэдэгдэхүйц арга хэмжээ аваагүй. Тэр цагаар нь ноён Путин хувьсгалын өмнөх ерөнхий сайд Петр Столыпины нөмрөгийг  “өмсөн” шинэчлэгч болж чадна гэсэн санааг цухалзуулж байлаа” хэмээн уг сонин тэмдэглэжээ. Тэдний хослол төлөвлөгөөнийхөө нууцыг задлалгүй удаан барьж чадсан гэж уг сонин бичжээ.

Хөрөнгө оруулагч зарим нэгэн Медведевийг дахиад нэг бүрэн эрхийн хугацаанд ерөнхийлөгчөөр ажиллуулах ёстой байсан гэж Bloomberg мэдээлээд тэрээр эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулах, Оросын түүхий эдээс хамааралтай байдлыг өөрчлөх төлөвлөгөөг  явуулах ёстой байлаа гэж хөрөнгө оруулагчид үзсэнийг бичжээ.

Путин эргэн ирж байгаа нь эдийн засгийн зогсонги байдал үүсгэнэ гэж нэрээ нууцалсан эдийн засагчдын санааг “Reuters” дамжуулав. Дмитрий  Медведев Нэгдмэл Орос намын жагсаалтыг толгойлохоор зөвшөөрсөн нь “ерөнхийлөгч Засгийн газарт буюу парламентад ажиллахаар бэлтгэж эхэлснийг харууллаа” хэмээн агентлаг онцолжээ.

Азийн хэвлэлээр голчлон “Нэгдмэл Орос” намын хурлаас мэдээллээ өгч төвийг сахисан материалууд гаргаж байна. Оросын ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигч тодорсноор тодорхойгүй байдал төгслөө гэж бүгд л тэмдэглэв.

Америкийн хэвлэлүүдэд Путин Кремльд ирэх гэж байгаа мэдээллийг  онцын сонирхолгүйгээр хүлээн авчээ. Тэд дөрвөн жилийн турш Путиныг эргэн ирнэ гэж бичсээр ирсэн билээ.
“Бид ачаалал бууруулах чиглэлээ Оросын дараагийн ерөнхийлөгчөөр хэн сонгогдохоос үл хамааран үргэлжлүүлнэ. Учир нь уг бодлого Орос, АНУ ба дэлхийн сонирхолд нийцэж байна гэж үздэг” хэмээн АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төлөөлөгч Томми Вайтор мэдэгдсэн байна. Америкийн Цагаан ордон “хэн нэгэнд нь илүүтэй хандахаас ухамсартайгаар зайлж ирсэн. Бүгд л Путин Оросыг удирдаж байна гэдгийг мэднэ” хэмээн NYT сонины эх сурвалж өгүүлжээ.

Германы канцлер Ангела Меркель тандемийн бямба гаригийн шийдлийг “Оросын үндэсний хэрэг” гэж нэрлээд Оросын ерөнхийлөгч хэн ч байсан хамтын ажиллагаа амжилттай үргэлжлэх бөгөөд хоёр орныг стратегийн түншлэл холбож байна гэжээ.

Зөвхөн Испанийн ABC Мед­ведевт өрөвчхөн хандан түүнийг “харакири хийн түүхэн байр сууриа золиослов” гэж бичжээ.

“The Financial Times” тэмдэглэхдээ Медведев “Хурал дээр сэтгэлийн их хөдөлгөөнтэй байсан” гэж бичлээ. “Тэрээр хэд хэдэн удаа нулимсаа арайхийн барьж байсан” хэмээн сонинд өгүүлжээ. Энэ нь ерөнхийлөгч, ерөнхий сайд хоёрын зөвшилцлийг харуулах ёстой шоу байсан ч Медведевийн ийнхүү нэр дэвшихээсээ татгалзсан нь Путины шийдвэр байсан гэж “The Wall Street Journal” сонин өгүүлсэн байна.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж