Монголын амжилт: Гуамын шигшээг хожих

Хуучирсан мэдээ: 2011.09.27-нд нийтлэгдсэн

Монголын амжилт: Гуамын шигшээг хожих

-Манай улс Гуамын шигшээд хожигдсон цорын ганц ФИФА-гийн гишүүн орон-

Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг наймдугаар сард гаргасан чансаагаар 106 оноогоор Ливан улсын хамт 160 дугаар байрт жагслаа. Өмнөх чансаанаас гурван байр ахиж, 1998 онд ФИФА-д элссэнээс хойш хамгийн өндөр үзүүлэлтээ гаргажээ. Энэхүү чансааг олон улсын хөлбөмбөгийн холбоо (ФИФА) гаргасан юм. Гэтэл манай шигшээ багийг Азийн хөлбөмбөг муу хөгжсөн улсуудын хооронд болдог “Челленж кап” тэмцээний урьдчилсан шатнаас “мулталсан” Филиппин 162, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатнаас “нутагтаа харих” боломжийг олгосон Мьянмар 168-р байрт эрэмбэлэгджээ. Манай шигшээгийнхэнтэй өгөөтэй, аваатай улс болох Макао харин бүр хойшоо 192 луу ухарсан байх жишээтэй. Хамгийн товчхоноор, манай улсын хөлбөмбөгийн хөгжил хамгийн дээд амжилтаа тогтоож байна гэдэг сайхан мэдээ. Тэгвэл яахаараа энэ улсууд манай шигшээ багийг хожоод байдаг мөртөө ингэж хойно бичигдэв?

Тэгсэн хөгийн юм олж дууллаа. ФИФА 150-аас хойшхи байрт байгаа улсуудын чансаанд төдийлөн ач холбогдол өгдөггүй юм байна. Манай шигшээ өнөөдөр 160-д байгаа бол дараа жил бүр үүнээсээ олон байраар хойно бичигдэнэ. Дараа жил нь хэдэн байр ахина гэх мэт. Яг үнэндээ бол сүүлийн байранд бичигдсэнтэй ялгаа алга. Ингээд шигшээ багийнхаа амжилтуудыг сөхье.

Монгол Улс 2000 оноос өдий хүртэл таван улсын шигшээ багийг найман тоглолтод хожоод байна. Үүнд Гуамыг дөрөв, Макаог хоёр, Марианы арлууд болон Филиппиний шигшээг нэг удаа хожжээ. Дөрөв тэнцэж, 26 удаа хожигдсон гэсэн сөрөг “амжилт” ихтэй. Эсрэг багийн хаалганд  36 гоол оруулж, 152-ыг алдсан. Мөн манай шигшээ баг Дэлхийн аварга, Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд огт хожиж байгаагүй. ФИФА-гаас албан ёсоор зохиодог тэмцээнд нэг ч удаа хожоогүй. Азийн хөлбөмбөгийн хөгжил муутай улсуудын “Челленж кап” тэмцээнд шалгарч чадаагүй. Манай улсыг 2014 оны гуравдугаар сар хүртэл “бандсан” Зүүн азийн аварга шалгаруулах тэмцээнд хамгийн дээд амжилтаа буюу урьдчилсан шатанд хоёрдугаар байр эзэлсэн. Мөн Манай улс Гуамын шигшээд хожигдсон цорын ганц ФИФА-гийн гишүүн орон. Яагаад Монголын хөлбөмбөгийн шигшээ баг ийм байдалд хүрэв?

Хийх хүнд санаа, хийхгүй гэвэл шалтаг олддог хойно, бид буурай улс. Хөлбөмбөгийн лигийн багууд бүрдэхээргүй цөөхөн амтай гэвэл арай ч дэгсдүүлэг болно. Гэхдээ л цөөхүүлээ. Гэх мэтээр олон шалтаг тоочиж болно. Гэхдээ өнгөрсөн хугацаанд түүнээс дутахгүй боломж олдсон гэдэгт итгээрэй.

…ФИФА бүх улсуудад хөлбөмбөг жигд хөгжүүлэх зорилгоор “Гоол” төслийг боловсруулж, 192 оронд хэрэгжүүлсэн. Түүнд нь Монгол Улс 2001, 2004, 2007 он гээд гурван ч удаа хамрагдсан. “Гоол” төслөөр барих болсон 4000 хүний суудалтай, битүү дээвэр бүхий ордон Монголын хөлбөмбөгийн холбоо /МХМХ/-ны гадаа баригдаж байна. Есдүгээр сарын 24 гэхэд дуусаагүй байсан ч хүлээж авна гэж дуулдсан. Авчихсан байх. Гэхдээ гадаадын тусламжаар баригдаад байгаа байгууламжид ямар ч ухаанаар бодсон 4000 үзэгч багтахааргүй юм билээ. Мөнгөө дутуу өгсөн үү, манайхан дундаас нь зувчуулсан уу, бүү мэд. Хөлбөмбөгийн талбай гэхэд дэлхийн стандарт хангасан 40 мянган хүний суудалтай цэнгэлдэх барих ёстой гэсэн. Гэтэл одоогийн Монголын хөлбөмбөгийн холбооны талбай болж хувирсан. Манай учир мэддэг хүмүүс “Гоол” төсөл, гаднаас хөлбөмбөгийн холбоонд ирдэг тусламж, хандив, хөрөнгө оруулалтын мөнгө хаашаа юунд урсаад буй талаар зөндөө гомдоллож, бишгүй чичлэсэн. Харамсалтай нь хөлбөмбөгийн холбооныхны чих нь “хатуурсан”. Сонссон ч сонсоогүй мэт дуугүй өнгөрөөсөөр удлаа.

Энэ мэт өөрсдийн дотоод асуудлаасаа үүдэн Зүүн азийн хөлбөмбөгийн холбооноос хасагдахад хүрч, энэ хэрээр оролцох тэмцээн уралдаан нь улам бүр цөөрлөө. Баттай мэдээллээр Монголын шигшээ баг 2014 оны гуравдугаар сар хүртэл Зүүн азийн хөлбөмбөгийн холбооны ямар нэгэн хурал, зөвлөгөөн уралдаан, тэмцээнд оролцох эрхгүй болжээ. Яагаад ингэж шийтгүүлэх болсон, хариуцлагыг хэн хүлээх, 2014 оны гуравдугаар сар боллоо гэхэд эргүүлж эрхээ авах эсэхийг холбооныхон нь тодорхой тайлбарлалгүй өдий хүрлээ. Энэ талаар хариулт өгөхийг холбооноос олон удаа “гуйлаа”. Тэд  “Энэ талаар хүмүүст буруу ойлголт төрсөн бололтой. Одоо манай улсын хөлбөмбөг хөгжинө. Холбооны ерөнхийлөгч Б.Ганболд Зүүн Ази хариуцсан гол хүний нэг болсон, мэдсэн үү? Зүүн азийн хөлбөмбөгийн холбоо манайхыг хассан асуудлаасаа болоод шүүмжлэлд өртөөд байгаа. Бид энэ талаар бэлдэж байгаад дэлгэрэнгүй мэдээлэл өгнө” гэв. Бас  юуг нь бэлдэж ярих гээд байгааг нь ойлгомжгүй. Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Б.Ганболд хэмээх эрхэм Монголдоо амьдардаг үгүй нь ч мэдэгдэхээ байлаа. Сүүлийн нэг сарын турш гадаад ажилтай байгаа гэсэн хариу сонслоо. Харин элдэв мэдээлэл тараагаад байгаа Зүүн Азийн хөлбөмбөгийн холбоог шүүмжилсэн агуулгатай нэг ч мэдээлэл алга. Холбооны дээд албан тушаалтнууд оргилдоо хүртэл “хөгжөөд”,  хөлбөмбөг нь ёроолдоо унатлаа доройтоод л… Хөрөнгө санхүүжилт, хандив тусламжийг юунд зарцуулдгийг асуухаар “Манайх төрийн бус байгууллага. Тэгэхээр бид тайлагнах албагүй” гээд ам таглачихна. Өнгөрсөн онд Монголын хөлбөмбөгийн холбооны гуравдугаар их хурал боллоо. Энэ хурал өөрчлөлт шинэчлэл авчраасай хэмээн олон хүн найдаж байсан ч “нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийг чанар өөрчлөгдөхгүй” гэсэн томъёоны сонгодог нэгэн жишээ болсон. Хамгийн ихээр “ад” үзэгдсэн Б.Ганболд ерөнхийлөгч болж, “Дуулиан 2020” тэмцээнийг санаачлагч Д.Тэрбаатараар “нүүрээ халхлах” боллоо. Дараа нь өөрсдөө бөөн одон, медалиар энгэрээ “цоолсон”. Хийсэн ажлын үр дүн төдийлөн сайн харагдахгүй ч бүгд “гавьяа” байгуулсан гэж үзжээ. Энэ үеэр нь БТСГ-ын дарга Ч.Наранбаатар “Манай улсад спортын 62 холбоо үйл ажиллагаа явуулж байна. Энэ дунд МХБХ гадаад харилцаа сайтай, бусаддаа үлгэр дуурайлал болохуйц холбоо” хэмээн магтаж байлаа. Ойлгох гээд ойлгох гээд ер ойлгосонгүй. Бусдад юугаараа үлгэр дууриалал болсон юм бол? Магадгүй хөлбөмбөгт чиглэсэн гадны олон байгууллагын хандивын ачаар хааяа болдог уралдаан тэмцээндээ ивээн тэтгэгч гуйдаггүй, санхүүгийн асуудалгүй нь ийн магтуулахад хүргэсэн биз ээ. Гэтэл  удалгүй “магтсан хүүхэн хурим дээрээ …” гэгчээр гадаад харилцаа муутай байсан нь харагдаж, Зүүн Азийн хөлбөмбөгийн холбооноос шийтгүүллээ. МХБХ хөлбөмбөгөө ганцаар “өмчилчихжээ”. Адаглаад өнөөдөр дэлхийн стандартад нийцсэн хиймэл зүлэгтэй талбай, 4000 хүний багтаамжтай, битүү дээвэртэй “футзал” ганц ч алга. Бүр цаашилбал, Германы залуучуудын шигшээ, Хятадын мэргэжлийн лигийг байгуулахад гар бие оролцсон, Монголын хөлбөмбөгчдөд сургалт явуулж байсан Герман мэргэжилтэн Клаус Шлапнер гэдэг сайн дасгалжуулагчтай байж болох байсан талаар ярилцдаг. Монголын хөлбөмбөгийг холбоо нь “өмчлөөд” үр дүнд хүргэсэнгүй. Одоо “хувьчилах” санал гаргахгүй юм уу?

Б.Ойнбилэг

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж