Энэ ойн баярууд нь чухал тэмдэглэлт үйл явдал юм. Эдгээр баяр нь олон улсын хүмүүнлэгийн үйл ажиллгааг дэмжих болон хоёр орны ард түмний нөхөрлөлийг бэхжүүлэхэд төдийгүй улс хоорондын харилцан ойлголцлыг хөгжүүлэхэд тогтвортой түлхэц өгч байгаагаараа онцлог юм.
Дэлхийн өнцөг булан бүрт Энх тайвны корпусаар хэрэгжүүлж байгаа томоохон хөтөлбөрийн нэг хэсэг болох Монгол дахь Энх тайвны корпус өнөөдөр 130 гаруй сайн дурын ажилтанг Монголд ажиллуулж байна. Сүүлийн 20 жилд 800 гаруй Энх тайвны корпусийн сайн дурын ажилтан Монголд ажилласан юм.
1991 оны нэгдүгээр сард Энх тайвны корпус өөрийн үйл ажиллагаагаа албан ёсоор Монголд эхлүүлсэн билээ. Зургаан сарын дараа буюу 1991 оны долдугаар сарын 3-нд 21 хүний бүрэлдэхүүнтэй анхны сайн дурын ажилтны баг АНУ-аас Бээжин хүртэл нисч ирээд, тэндээсээ Улаанбаатар хүртэл галт тэргээр 36 цагийн урт удаан замыг туулан байж Монголд ажиллахаар ирсэн юм. Эхний 21 сайн дурын ажилтан бүгд Улаанбаатарт ажиллахаар томилогдож байв.
1992 онд дараагийн 25 хүний бүрэлдэхүүнтэй шинэ баг ирж Дархан, Орхон, Сэлэнгэ, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Хэнтий зэрэг аймагт томилогдон ажилпав.
Англи хэлний боловсролын хөтөлбөр нь анх эхлэхээсээ өнөөдрийг хүртэл Монгол дахь Энх тайвны корпусийн үндсэн гол хөтөлбөр болон хэрэгжиж байна. Тус хөтөлбөрийн зорилго нь Монголын англи хэлний багш нарын ур чадварыг дээшлүүлэн чадваржуулах, англи хэлний сургалтын материалыг боловсруулах болон сурагч оюутны англи хэлний мэдлэг чадварыг дээшлүүлэхийн тулд тэдэнтэй хамтран ажиллах явдал юм.
Энэ 20 жилд компьютерийн сургалт, эрүүл мэндийн хөтөлбөр, орон нутагт түшиглэсэн эдийн засгийн хөгжлийн хөтөлбөр, хүүхэд залуучуудын хөгжлийн хөтөлбөр, байгаль орчны хөтөлбөр гэх мэт бусад төрлийн хөтөлбөрүүдийн хэрэгцээ болон үйл ажиллагаа нэмэгджээ.
Монгол хамтран ажиллагчидтай тогтвортой, бат бөх харилцаа холбоо тогтоох явдал нь Монгол дахь ЭТК-ийн хөтөлбөрийн гол үндсэн зарчим юм.Сайн дурын ажилтныг хүлээн авч буй байгууллага нь ажлын байрнаас гадна орон байраар хангах хүсэлтээ илэрхийлж байдаг юм. ЭТК-ийн сайн дурын ажилтан хоёр жилийн ажил үүргийн хугацаандаа орон сууцанд болон монгол гэрт амьдарч монголын үндэсний соёлтой танилцаж, монгол амьдралд суралцан туршлага суудаг юм.
“Хөгжлийн хөтөлбөр” хэрэгжүүлэх нь ЭТК-ийн хөтөлбөрийн бас нэг чухал онцлог. Сайн дурын ажилтан бүр Монголд ажил үүргээ гүйцэтгэх хоёр жилийн хугацаандаа үндсэн ажилдаа хувь нэмрээ оруулахын зэрэгцээ амьдран суугаа орон нутагтаа хэрэгцээтэй төсөл боловсруулж хэрэгжүүлдэг. Эдгээр төсөл хөтөлбөр нь Монгол Улсын хөгжил дэх ЭТК-ийн өнөөгийн болон ирээдүйн оролцоо нөлөөг нэмэгдүүлэх ач холбогдолтой.
Сүүлийн хорин жилд ЭТК-ийн сайн дурын ажилтны санаачлагаар хийгдсэн хөгжлийн төслүүд олон тооны сургалт, семинар, шинэ цахим хуудас хийхэд хурдасгагч хөшүүрэг болсноос гадна номын сан, компьютерийн лаборатор, мэдээллийн төв шинээр байгуулахад тус болсон юм. Мөн шинэ хичээлийн хөтөлбөр, гарын авлага, сургалтын хэрэглэгдэхүүн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан толь бичиг хэвлэн гаргахад хувь нэмрээ оруулсан юм.
ЭТК-ийн сайн дурын ажилтнууд дугуйлан ажиллуулж хөгжим зохиож, рок хамтлаг байгуулж, хүлэмж барьж, сургалт сурталчилгааны видео хуурцаг гаргаж, телевизийн шоу санаачлан бэлтгэж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст туслаж, номын сан тохижуулж, дугуй хандивлаж, орон нутгийн баяр наадмаар унаач хүүхдүүдэд хамгаалалтын хувцсаар хангах зэргээр хувь нэмрээ оруулж байв.
ЭТК-ийн сайн дурын ажилтнууд Монголд хоёр жилийн туршид ажиллаж энэ хугацаандаа олж авсан амьдралын туршлагаа насан туршдаа ашигладаг юм. Тэд АНУ руу гэртээ харихдаа Монголд хуримтлуулсан Монголын талаархи үнэ цэнэтэй мэдлэг болон хувийн туршлагаа аваачиж түүнийгээ гэр бүл, найз нөхөд, орон нугтгийнхантайгаа хуваалцдаг юм.
ЭТК-ийн сайн дурын ажилтан бүр зуны сургалтанд суух үедээ монгол айлд амьдардаг. Бас дор хаяж нэг Монгол хүнтэй ажил төрлийн хувьд хамтарч ажилладаг. ЭТК-ийн сайн дурын ажилтан болон Монгол хүмүүсийн тогтоосон хувийн харилцаа, хамтын ажиллагаа нь цаашдаа хувиараа болон гэр бүлээрээ насан туршийн найз нөхөд болох эхлэлийг тавьж өгдөг юм.
АНУ-д амьдарч байгаа монголчуудын тоо өсч байгаа өнөө үед тэнд байгаа монгол, америк хүмүүсийн харилцаа холбоо бэхжиж байна. ЭТК-ийн сайн дурын ажилтан байсан америкчууд Монголын наадам, цагаан сар болон бусад баяр ёслолд монголчуудтай хамтран баярлах нь энгийн зүйл болжээ. ЭТК-ийн ажил үүргээ гүйцэтгэж байхдаа монгол хүнд хайр сэтгэлээ өгч гэрлэсэн хүмүүс ч бий.
Зарим сайн дурын ажилтан Монголтой ажил амьдралаа холбох замыг сонгож Монголд үлддэг. Зарим сайн дурын ажилтан Улаанбаатар дахь Элчин сайдын яам болон ЭТК-ийн оффист, мөн хувийн салбарт болон төрийн бус байгуулагад ажиллахаар буцаж ирдэг.
Монголоос буцаж очсон СДА-нууд “Монголын найз нөхөд” байгууллагыг үүсгэн байгуулахад оролцжээ. Энэ байгууллага нь 1999 онд Нью-Йорк хотод ашгийн бус байгууллагаар үүсгэн байгуулагдсан АНУ-ын төрийн бус байгууллага. Монголд ажилласан 7-р багийн сайн дурын ажилтнуудын санаачлагаар үүсгэн байгуулсан энэ байгууллага нь Монголоос буцаад удсан хүмүүсийг ч Монголтой холбоотой байх гүүр болж байна. “Монголын найз нөхөд” facebook хуудас нь буцаж явсан СДА-ны тооноос хол давсан 1500 гишүүнтэй болж өргөжөөд байна.
“Монголын найз нөхөд” байгууллагын зорилго нь Монголын тухай мэдээллийг АНУ-д түгээн дэлгэрүүлэх юм. Үүний зэрэгцээгээр, Орон нутгийг хөгжүүлэх санал санаачлагыг санхүүжүүлэх болон хөдөө орон нутгаас УБ-т суралцах залуучуудыг сургалтын тэтгэлгээр дэмжих зорилготой хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрийг дэмждэг.
2010-2011 оны хичээлийн жилд “Монголын найз нөхөд” ТББ нь өөрийн байгууллагын нэрэмжит тэтгэлгүүдээс гадна 2001 оны нэгдүгээр сард Монголын баруун бүсэд тохиолдсон онгоцны сүйрлээр нас барсан НҮБ-ын багийн гишүүн, АНУ-ын иргэн Матью Гирвин агсны гэгээн дурсгалд зориулсан тэтгэлгийг оруулаад нийт 13 залууд сургалтын тэтгэлэг олгоод байна.
Хамгийн шинэ хүмүүс буюу 70 хүний бүрэлдхүүнтэй СДА-ны баг энэ оны зургадугаар сард Монголд ирээд байгаа. Тэд Дархан-Уул аймагт болсон зуны сургалтаа амжилттай дүүргээд Монгол орны өнцөг булан бүрт ажил үүргээ гүйцэтгэхээр өнгөрсөн сард томилогдоод байна. Тэд өмнө ажиллаад буцсан бусад нөхдийнхөө нэгэн адил хал үзэж хат суухаас гадна хамт ажиллаж сурч байгаа Монгол хүмүүсийнхээ амьдралд урт хугацааны сайн сайхан өөрчлөлт гарахад туслаад буцна гэдэгт эргэлзэх зүйл алгаа.
Увс аймгийн байгал орчин хамгаалах төсөл дээр 2001-2003 онд ажилж байсан сайн дурын ажилтан Шелли Кремер
2001-2003 онд Төв аймгийн Баяндэлгэр сумд англи хэдний багшаар ажиллаж байсан сайн дурын ажилтан Дараа Холлисэнд.