
Монголын сэтгүүлзүйн салбарт шинээр мэндэлсэн, зургаан дугаар уншигчдынхаа гар дээр тавиад буй “Гранд” сэтгүүл Олон Улсын Эмэгтэйчүүдийн баярт зориулан “Grand Lady-2010” шилдэг эмэгтэй лидер шалгаруулах ёслолын арга хэмжээг зохион байгуулах гэж байна.
Домогт Ану хатан, суут Сэцэн Мандухайгаас авахуулаад харьшгүй зориг, хатан ухаантай Монгол эмэгтэйчүүд эр нөхөр, эх орондоо түшиг болж ирснийг түүх өгүүлдэг. Тэгвэл тэд 21-р зуунд нийгмийн бүх салбарт манлайлж, хөгжлийн түүчээ болж байна. Чухам тэдгээр агуу удирдагч бүсгүйчүүдийг олон нийтийн санал асуулгаар шалгаруулах нь “Grand Lady” ёслолын ажиллагааны зорилго бөгөөд Улс төр, Урлаг соёл, Бизнес, Спорт, Хүмүүнлэг гэсэн 5 номинацид тус бүр тав буюу нийт 25 эмэгтэйг “Grand Lady” ёслолын ажиллагааг зохион байгуулах хороо нэр дэвшүүлсэн юм. Эдгээрээс номинаци тус бүр дээр нэг, нэг “Grand Lady” олон нийтийн санал асуулгаар тодорч өргөмжлөл, цом гардана. Санал асуулга 2011 оны 02-р сарын 25-наас www.shuud.mn болон www.gogo.mn сайтуудаар авч эхэлсэн бөгөөд 03-р сарын 09-ний өдрийг хүртэл үргэлжилэх ажээ. Шилдэг эмэгтэй шалгаруулах ёслолын ажиллагаа 2011 оны 3-р сарын 11-ний 19 цагт “Чингис хаан” зочид буудлын 5 давхарт “Тэмүүжин” ресторанд болох бөгөөд урлагийн бүрэн хэмжээний тоглолт, 100 хүний хүлээн авалт болох юм байна. Тоглолтын хөтөлбөрт МУАЖ А.Долгор, МУГЖ Г.Эрдэнэбат, морин хуурч П.Тэмүүжин, “Нюанс” хамтлаг, “Арга билэг” хамтлагийн бүжигчид, ХБК-ийн хийл, камерны оркестр зэрэг уран бүтээлчид оролцож, шилдэг эмэгтэйчүүдийн баярыг хуваалцана.
“Grand Lady-2010” шилдэг эмэгтэй лидер шалгаруулах ёслолын ажиллагааны зорилго нь эмэгтэй удирдагчдын нийгэмд бүтээж буй баялаг, хийж буй ажил, амжилтыг олон нийтэд таниулан сурталчлахаас гадна хүмүүнлэгийн “Grand lady” сайн дурын клуб байгуулж, цаашид хүмүүнлэгийн салбарт хөрөнгө оруулалт хийж буй хүмүүсийг дэмжих, алдаршуулах зорилготой юм. Хүмүүнлэг үйлс гэдэг хүн болж төрсөн хэн бүхний, тэр дундаа амжилтанд хүрсэн хүн бүрийн хийх ёстой эрхэм нандин үйл хэрэг мөн тул бидний зорилго биелэгдэж, олон зуун сайхан сэтгэлтнүүд энэ үйлсийг дэмжиж, хамтран ажиллана гэдэгт итгэж байна.
Маш олон шилдгийг шалгаруулах, шагнал гардуулах ёслолын ажиллагаа байдаг. Тэдгээрээс ялгарах гол онцлог нь нэр дэвшигчид нь тухайн салбартаа амжилт гаргасанаас гадна хүмүүнлэгийн үйлсэд их, бага ямар нэг хэмжээгээр гар бие оролцдог хүмүүс. Энэ шалгуурыг гол болгосноос гадна шилдгүүдийг олон нийтийн, ардчилсан зарчмаар шалгаруулж байгаа. Цомын тухайд болор суурин дээр суурилуулсан болор бадамлянхуа цэцэг. Энэ нь эдгээр эмэгтэйчүүдийг үнэ цэнэтэй байлгах үүднээс бурхны шашин дахь бүсгүй хүний илэрхийлэл бадам цэцэг, эмэгтэй хүнд ээлтэй чулуу болорыг сонгож авсан болно.
Ёслолын ажиллагааг дэлхийн шилдэг брэнд “Кристиан диор”, дэлхийн дарсны шилдэг амт “World Wine”, “Номин фэшн” компаниуд ивээн тэтгэж байгаа бол Мэдээллийн ерөнхий ивээн тэтгэгчээр “В” телевиз, мэдээллийн ивээн тэтгэгчдээр MN25-р суваг телевиз, Шууд телевиз, “Монголиан мюзик” продакшн, Тэргүүлэгч FM 101,7, Формула FM 98,1, Зангиатай FM 105,5, Kiss FM 100,1, “Өдрийн сонин”, “Өдрийн шуудан”, “Монголын нэг өдөр”, www.shuud.mn, www.gogo.mn зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хамтран ажиллаж байна.