
Эрүүл мэндийн сайдын 2009 оны “Малчдын явуулын амбулаторийн тусламж, үйлчилгээний тухай” 99 тоот тушаалын дагуу Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газраас “Үйлчлүүлэгчдэд ээлтэй тусламж” явуулын амбулаторийг зохион байгуулж 2010 онд тус аймгийн 17 сум, 6 тосгон, төвийн 5 багийн нийт 21400 иргэдийг үзлэг, шинжилгээнд хамруулсан байна. 2010 онд “Сүрьеэгүй ирээдүйн төлөө хамтдаа” сарын аян зохион байгуулж, “Малчид та бүхнийхээ эрүүл мэндийн төлөө“ сэдвийн дор цас зудны хүндрэлтэй сумдад нүүдлийн амбулаторийн иж бүрэн тусламж, үйлчилгээг үзүүлж 11500 гаруй хүнд үзлэг хийж 2703 хүнийг эмчлэн, эрүүлжүүлж, 293 үйлчлүүлэгчийн диспансерийн хяналтанд авсан байна. Үзлэгийн үеэр зүрхний цахилгаан бичлэг- 420, чанд авиан оношлогоог -851 хүнд хийж, сэтгэл ханамжийн судалгааг 523, хавдар өвчнөөс сэргийлж эрт илрүүлэх асуумж судалгааг 698 хүнээс авч хавдарын сэжигтэй 45 тохиолдол илрүүлж холбогдох арга хэмжээ авчээ. Мөн Алтанбулаг, Баруунбүрэн, Орхон, Орхонтуул, Сант, Цагааннуур, Зүүнбүрэн, Түшиг, Хүдэр сумдын багийн малчид, тариаланчдын нэрэмжит өдөрлөгүүдийн үеэр явуулын амбулаторийн үйлчилгээг “Эрүүл биед саруул ухаан”, “Эх нутгийн гаралтай эрүүл хүнс”, “Мал нь эрүүл бол хүнс тэжээл нь арвин” сэдвээр сумдын ЗДТГ, сумын эмнэлгүүдтэй хамтран хийж, сурталчилгааны санамж, гарын авлага тарааж, зурагт самбар гаргаж, 4173 хүнд төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлж, хэвтрийн болон өндөр настан 210 хүнд гэрийн асаргаа сувилгаа хийж, 823 иргэнээс сэтгэл ханамжийн судалгаа авч, ажиллалаа. Сүхбаатар сумын таван багт ЭМГ, өрхийн эмч ,техникийн ажилчид, төрөлжсөн мэргэжлийн хамтарсан баг ажиллан, үзлэг оношлогоог нийт 502 хүнд хийснээс 250 хүнийг диспансерийн хяналтанд авсан байна.
Баруунхараагийн Октябрь уулын алтны чулуун орд, Бугант, Орхонтуул, Ерөөгийн алтны шороон ордууд дээр явуулын амбулаторийн тусламж, үйлчилгээг зохион байгуулж, 360 хүнийг хамруулж холбогдох зөвөлгөө, сургалт сурталчилгаа хийсэн байна. Аймгийн Эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлэг нь явуулын амбулаторийн үйлчилгээг зохион байгуулж байна.