Усаа хамгаалах аян эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.09.26-нд нийтлэгдсэн

Усаа хамгаалах аян эхэллээ

-Байгаль хамгаалах намрын сарын аяны хүрээнд зөвхөн энд, тэнд мод тариад өнгөрөх бус хүүхэд, залууст усны хэрэглээ болон түүнтэй байгаль дэлхий, хүн, амьтан хэрхэн уялдаатай болох талаарх мэдлэгийг олгох олон талт ажлуудыг зохион байгуулна гэв-

Ус гээчийг нэг цаг, цаашлаад нэг өдөр хүнс болон ахуйн хэрэглээнээсээ хасчихлаа гээд төсөөлөөд үз дээ. Өглөө босоод шүдээ, гараа угаах, цай уух, хоол идэх, хувцас угаах гээд бүхий л хэрэглээнд устай салшгүй холбоотой бэрхшээл их байгаа биз. Гэтэл энэхүү бидний алхам тутмын хэрэглээ болж буй усыг өнөөгийн бид барагдашгүй, шавхагдашгүй үнэ цэнэгүй баялаг мэт хэрэглэж байгаа нь үнэн. Үнэ цэнэгүй мэт хэрэглээ болсон усны хомсдол дэлхийн ядуу буурай орны нэг тэрбум гаруй иргэдэд нүүрлэж, элдэв халдварт өвчинд дарлуулж буйгаас гадна ундны усны гачигдалаас болж хором тутамд нэг хүүхэд хорвоог орхисоор байгааг энд сануулах юун. Дээрх асуудалтай уялдуулан БОАЖЯ-наас жил бvр өрнvvлдэг “Байгаль хамгаалах намрын сарын аян”-ы энэ жилийн ажлыг Усны газартай хамтран энэ сарын 19-нд аяны нээлтийг зохион байгууллаа. Аяны хүрээнд “Ус ба эх дэлхий”, “Ус ба мод”, “Ус ба агаар” гэсэн гурван сэдвийн хүрээнд зохион байгуулах бөгөөд ирэх сарын 19-ныг хүртэлх хугацаанд үргэлжлэх юм. Ирэх сарын 08-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэр дэх Тужийн нарсанд мод тарих бол ерөнхий боловсролын сургуулийн сурагчид дан ганц мод бус усны хэрэглээ, түүнийг хэмнэхийн ач тусын талаар санаачлага өрнүүлэн ажиллаж байна.

Усыг хамгаалах, хэмнэхэд оруулж буй хүүхдүүдийн оролцоо

Энэ удаагийн байгаль хамгаалах намрын сарын аяны хүрээнд зөвхөн энд тэнд мод тариад өнгөрөх бус хүүхэд, залууст усны хэрэглээ болон түүнтэй байгал дэлхий, хүн, амьтан хэрхэн уялдаатай болох талаарх мэдлэгийг олгох олон талт ажлуудыг зохион байгуулах талаар Усны газрын дэд дарга З.Батбаяр аяны нээлтийн үеэр онцолж байв. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 31 дүгээр сургуулийн сурагчид өнгөрсөн хугацаанд сургуулийн хэм­жээнд “Дусал ус юуг өгүүлэв” аян өрнүүлж, багш, үйлчлэгч нараас авахуулаад нийт сурагчдын дунд усыг бодитоор хэмнэх, цаашид найз нөхөд, гэр бүлийн хүрээнд хэвшүүлэхэд үлгэр дууриалтай ажил зохион байгуулсан талаар хүүрнэж байлаа. Энэ үеэр тус сургуулийн 10 дугаар ангийн сурагч н.Гүнжмаа “Урьд нь зөвхөн ганцхан би биш, манай гэр бүлийнхэн, манай ангийн хүүхдүүд өглөө босоод шүдээ угаахдаа усны крантыг угааж дуустлаа усыг үргэлжлүүлэн гоожуулдаг байсан бол аян зарласнаас хойш шүдээ угаах зууртаа усны крантаа хаах хэвшил тогтсон. Сургуулийн хэмжээнд багш, сурагч, захирал гэлтгүй алхам тутамд усыг хэмнэх, түүнийг хэмнэхийн ач тусын талаар мэдлэг байнга солилцож, бусдад үлгэр дууриал үзүүлсэн хэн бүхнийг аяны манлайлагчаар тодруулж байгаа. Цэвэрлэгчийн угаасан шалыг хурдан халтартуулахгүйн тулд гутлаа сайн арчих, ангид тасалгааны ургамал тариалснаар өрөөний тоосжилтыг бууруулах гээд устай холбоотой бидний мэдэхгүй олон зүйлийг Усны газрын ах, эгч нарын өгсөн мэдээлэл өгөөжөө өгсөн. Цаашид ч усыг хэмнэх тал дээр манай сургуулийн сурагчид бусдад үлгэр дууриалал үзүүлэх болно” гэх мэт өөр бусдад сургамжтай олон зүйлийг ярьж байгаа нь олзуурхууштай санагдаж байв. Энэ мэтээр Усны газраас санаачлан зохион байгуулж буй энэ удаагийн байгаль хамгаалах сарын аян өөр бусад сургуулиудын сурагчдыг хамруулах цар хүрээг өргөнөөр зохион байгуулахаар төлөвлөөд байгаа гэнэ.

Усны хомсдолыг танилцуулна

Эхний хоёр долоо хоногийг “Ус ба эх дэлхий” сэдвийн хүрээнд аяныг өрнүүлэх бөгөөд дэлхийн хэмжээнд тулгамдаж буй асуудлын нэг яах аргагүй ундны усны хомсдолын талаарх мэдээллийг олон нийтэд хүргэх бол дараагийн нэг долоо хоногт “Ус ба мод” сэдэвт ажлын хүрээнд хүүхдүүдээр мод тариулж, мод бүрийг эзэнтэй болгох, түүнийг арчлах мэдлэг олгох, ус мод хоёрын байгалийн шүтэлцээний талаарх мэдлэг олгох юм. Мөн сүүлчийн долоо хоногт “Ус ба агаар” сэдвийн дор агаарын бохирдолыг бууруулахад усыг хэрхэн зүй зохистой ашиглах гэх мэт сонирхолтой аялалуудыг ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулах юм.

Өнөөгийн усны хэрэглээ

Усны хэрэглээ ирэх 2020 онд улам нэмэгдэж, тэр хэмжээгээр үнэ цэнэ нь өснө гэдгийг олон улсын ус судлаачид тогтоогоод байгаа. Улаанбаатар хотын нийт хvн амын долоон хувь нь эрvvл ахуйн наад захын шаардлага хангахгvй усыг ахуйн зориулалтаар хэрэглэдэг бол орон сууцанд амьдардаг нэг хэрэглэгч дэлхийн хєгжингvй орны нэг хvний хоногийн усны хэрэглээнээс хоёр дахин их ус хэрэглэдэг гэнэ. Ус vндэсний хєтєлбєрт 2021 он хvртэл гурван триллион тєгрєг зарцуулахаар төлөвлөсөн. Уг хөтөлбөрт уул уурхайг усаар бvрэн хангах нєхцєлийг бvрдvvлсэн гэсэн атлаа хот суурин газрын хvн амын 70 хувь, хєдєєгийн хvн амын 60 хувийг эрvvл ахуй, стандартын шаардлагад нийцсэн усаар хангана гэсэн байх юм. Энэ нь тєр засгийн хэмжээнд нэгдvгээрт уул уурхайг, хоёрдугаарт хvнээ гэх бодлого баримталж байна гэхээс өөр юу гэж хэлэх билээ. Монголчууд “Чандмань эрдэнэ” болсон усыг “гомдоож” бас “уйлуулж” байгаа олон жишээг манай орны газар бvр харж болно. Сvvлийн 20 жилд нутаг усныхаа ширгэж алга болсон гол, нуур, сайртсан булаг шандыг тоолоод барахгvй. Саяхан Орхон голыг бохирдуулсан нэр бүхий компаниудын үйл ажиллагааг зогсоож, эрүү үүсгэн шалгаж байгаа хэдий боловч цаг хугацааны хувьд хэтэрхий оройтож буйн тод жишээ. Хожмоо хэчнээнээр нь тоолох алт эрдэнэс өгөөд аяга ус, эмс охидоороо дусал ус худалдаж авах цөвүүн цаг ирэхээс урьтаж, усны бодлогыг чангатгах хэрэгтэй байгааг бидний өнөөгийн дүр төрх сануулсаар байна. Усны газраас зохион байгуулж буй байгаль хамгаалах сарын аян өгөөжөө өгөх тал дээр иргэн та ч бас идэвхтэй оролцох хэрэгтэй энд дахин сануулах нь зүйтэй болов уу.

Д.Долгор /сурвалжлагч/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж