Хакухо 20 дахь түрүүгээ авлаа

Хуучирсан мэдээ: 2011.09.25-нд нийтлэгдсэн

Хакухо 20 дахь түрүүгээ авлаа

Японы мэргэжлийн сумо бөхийн есдүгээр сарын аки башё Токио хотын Кокугикан ордонд 15 хоног үргэлжилж, өнөөдөр өндөрлөлөө. Энэ жилийн намрын барилдааны түрүү бөхөөр мэргэжлийн сумогийн 69 дэх ёкозуна Хакухо тодорсон байна. Тэрбээр башёгийн 12 дахь өдрийн барилдаанд сэкиваки Кисэносатод котэнагэ мэхээр, маргааш өдөр нь буюу 13 дахь өдрийн барилдаанд сэкиваки Котошогикүд ёрикири мэхээр өвдөг шороодсоноор нийт 13 даваа, хоёр унаатайгаар башёг тэргүүллээ. Тэрбээр башёгийн сүүлийн өдөр буюу өнөөдөр озэки Харумафүжи Д.Бямбадоржийг уватэнагэ мэхээр давсан юм. Ёкозуна Хакухо М.Даваажаргал ийнхүү мэргэжлийн сумо бөхийн дээд зиндаанд 20 дахь түрүүгээ авлаа.

Цунатори буюу ёкозуна цол горилогчийн хувиар зодоглож, түрүүлэх эсвэл түрүү бөхтэй өрсөлдөхүйц хэмжээнд өрсөлдөөн үзүүлбэл ёкозуна цол хүртэх “даалгавартай” барилдсан озэки Харумафүжигийн тухайд найман даваа, долоон унаатай башёг өндөрлүүлснээр ёкозуна цол талаар өнгөрсөн. Харин ганц ч ёкозуна, озэки цолтонгүй үлдээд буй Японоос ирэх башёд озэки цолтой бөх барилдах нь тодорхой боллоо. Аки башёд сэкиваки цолтой зодоглосон Котошогикү  12 ба түүнээс дээш даваа авбал озэки цол хүртээнэ гэсэн болзлыг биелүүлж, 12 давснаар озэки цол хүртэх нь тодорхой болсон юм.

Аки башёд макүүчи зиндаанд зодоглосон Монголын бусад сумочдын тухайд сэкиваки Какурюү М.Ананд, Шотэнро Д.Нямсүрэн /М14/ нар есөн даваа, зургаан унаатай башёг өндөрлүүлсэн. Харин макүүчи зиндааны хамгийн ахмад бөх Кёкүтэнхо Н.Цэвэгням баруун жигүүрийн маэгаширагийн 10-аас босч барилдан, 11 давсан амжилттай башёг дуусгав. Асасэкирюү Б.Дашням /М12/ долоон даваа, найман унаа, Токитэнкү А.Хүчитбаатар /М4/ 6-9, Тамаваши Б.Мөнх-Оргил /М10/ нар тус тус зургаан даваа, есөн унаатай аки башёг үдлээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж