Монгол Улсад энэ оны байдлаар 500 гаруй барилгын материалын үйлдвэр, үйл ажиллагаа явуулж байгаагаас импортын бүтээгдэхүүнээс шалтгаалан үндэсний үйлдвэрлэгчид бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байгаа тул ижил нэр төрлийн импортын бараанаас хамгаалах зорилгоор барилгын зарим нэр төрлийн материалд ногдуулж байгаа гаалийн албан татварыг нэмэгдүүлэх шаардлага урган гарч ирж буй аж. Ялангуяа “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөртэй уялдан барилгын материалын эрэлт эрс нэмэгдэж байгаа бөгөөд бүтээн байгуулалтын төслүүдэд хэрэглэгдэх гол нэр төрлийн барилгын материалыг аль болох дотоодын үйлдвэрлэлээс хангахыг зорьж байгаа юм. Энэ үүднээс ижил нэр, төрлийн бүтээгдэхүүний импортыг хязгаарлах замаар дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжих, дотоодын үйлдвэрүүдийн чадавхийг нэмэгдүүлэх боломжтой гэдгийг зөвлөлийн гишүүд онцолж дээрх асуудлыг дэмжжээ.
Мөн “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрт шаардагдах 48 нэр төрлийн барилгын материалиудаас 15 нэр төрлийн материалыг дотоодын үйлдвэрлэлээр хангах бүрэн бололцоотой гэсэн судалгааг Зам, тээвэр барилга хот байгуулалтын яамнаас гаргасан юм байна. Тиймээс уг хуралдаанаар эдгээр 15 материал, бүтээгдэхүүнээс хамгийн эрсдэл бага таван импортын бүтээгдэхүүнийг сонгон гаалийн татварыг нэмэгдүүлэх санал гаргажээ. Харин ямар бүтээгдэхүүнийг сонгох талаар дахин нарийн судлахыг Сангийн сайд С.Баярцогт үүрэг болгосон байна. Түүнчлэн барилгын зарим нэр төрлийн материалд ногдуулж байгаа гаалийн албан татварыг нэмэгдүүлэх асуудлаар Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг батлах тухай Монгол Улсын Их Хурлын 1999 оны 27 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулахыг дэмжиж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр болжээ.
“Атрын гурав дахь аян” тариалангийн хөгжлийн Үндэсний хөтөлбөрийн хүрээнд импортоор оруулж ирж байгаа хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, гурилын үйлдвэрийн болон усалгааны тоног төхөөрөмж, бордоо ургамал хамгааллын бодисыг энэ оны арванхоёрдугаар сарын 31-ны өдрийг хүртэлх хугацаанд гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас тус тус чөлөөлсөн юм байна. Энэ нь зардал өндөртэй уналтанд байсан газар тариалангийн салбарын сэргэлтэд эергээр нөлөөлж, бүтээгдэхүүний борлуулалт, үйлдвэрлэлийн өсөлтийг тогтворжуулан тариаланчид, үйлдвэрлэгчдийн эдийн засгийн чадавхийг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг тууштай дэмжин иргэдээ эрүүл аюулгүй, хоол хүнсээр хангахад томоохон дэмжлэг үзүүлсэн гэж үзжээ. Тиймээс дээрх хуулийн заалтыг цаашид үргэлжлүүлэн мөрдөж, 2016 оны арванхоёрдугаар сарын 31-ны өдрийг хүртэлх хугацаанд чөлөөлөх, мөн импортлох, дотооддоо борлуулсан бол нэмэгдсэн өртгийн албан татвараас тус тус чөлөөлөх тухай асуудлыг авч хэлэлцээд, дэмжиж Засгийн газрын хуралдаанаар оруулахаар болсон байна.
Түүнчлэн дээрх “Атрын гурав дахь аян”-тариалангийн хөгжлийн үндэсний хөтөлбөр, “Хүнсний аюулгүй байдал” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 2009-2012 онд дотоодын буудайгаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр тогтвортой хангах боломж бүрдээд байгаа. 2000-2008 онд хэрэгцээт гурилынхаа 30 орчим хувийг дотоодын буудайгаар, 10 гаруй хувийг тусламжийн буудайгаар, 60 орчим хувийг нь импортын гурил, буудайгаар хангаж байсан бол 2011-2012 онд 277.4 мянган тонн гурил үйлдвэрлэж, хэрэгцээт буудай, гурилыг 100 хувь дотоодын ургацаас хангах боломж бүрджээ. Уринш боловсруулалтын чанар үлэмж дээшилсэн, мөн техник, технологийн шинэчлэл хийгдсэнээр зүтгэх хүчний тракторын 80 орчим хувь, үр тариа хураах комбайны 65 хувь нь шинэчлэгдэж ургац хураалтын ажлыг өнгөрсөн жилийнхээс 10-12 хоногоор богиносгон 30-35 хоногт гүйцэтгэх техникийн боломжийг бүрдүүлсэн байна.
Цаашид ч өнжсөн болон атаршсан талбайг тариалангийн эргэлтэнд оруулах, техник технологийг шинэчлэх, усалгаатай газар тариалангийн хэмжээг нэмэгдүүлэх, мөн улсын төсвөөс дэмжлэг үзүүлж, улсад болон гурилын үйлдвэрт нийлүүлсэн буудайнд мөнгөн урамшуулал олгодог болсноор тариалалт, ургацын хэмжээ нэмэгдэн, эх орны хөрсөнд ургасан үр тариагаар хүн амын хүнсний хэрэгцээг хангаж, тогтвортой хангах нөхцөл бүрдсэн төдийгүй экспортод буудай нийлүүлэх боломжтой болжээ.
Иймээс ажлын байрыг хадгалах, нэмэгдүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах, дотоодын үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор үр тарианы гаалийн татварыг улирлын ялгаваргүйгээр жилийн турш 20 хувь болгох тухай асуудлыг авч хэлэлцсэн юм байна. Тус хуралдаанаар буудайны ангиллыг нарийн тодорхой болгох, мэргэжлийн байгууллагуудаар кодлуулах, Дэлхийн худалдааны байгууллагад хүлээсэн үүрэгтэй хэрхэн уялдах зэргийг дахин судлах шаардлагатай гэж үзсэн байна. Түүнчлэн гаднаас орж ирж байгаа буудай төмөр замаас гадна бусад боомтуудаар хэр хэмжээтэй орж ирж байгааг судлахыг Сангийн сайд С.Баярцогт холбогдох албаны хүмүүст үүрэг болгожээ.