Монгол дахь хөрөнгө оруулалт эрсдэлд орох уу

Хуучирсан мэдээ: 2011.09.23-нд нийтлэгдсэн

Монгол дахь хөрөнгө оруулалт эрсдэлд орох уу

-“Ройтерс” агентлаг энэ талаар тайлбар хийхдээ “Айвенхо Майнз”-ын олж байгаа ашиг орлого маш өндөр байгаа учраас Засгийн газраасаа өөрийн эзэмших хувиа өсгөхийг Монголын хэсэг хууль тогтоогчид шаардаж байгаа юм гэсэн байна-

Тавантолгойн төслийн асуудлыг Монгол улс ҮАБЗ-өөрөө хэлэлцэж гадаадын хөрөнгө оруулагчдад санал болгож байсан хувь хэмжээнээсээ буцах болж байгаа талаар мэдээлэл гараад удаагүй байхад Монголын Засгийн газраас Оюутолгойн ордыг ашиглахтай холбогдсонг гэрээгээ өөрчлөх тухай асуудал яригдаж эхэлж байна гэх хардлага дагуулсан мэдээлэл гадаадын мэдээллийн хэрэгслүүдээр нэлээд өргөн далайцтай гарч эхэллээ. Энэ мэдээллийн “буум” өргөжихийн хэрээр Монголын нэр хүндэд сөргөөр тусч мэдэхээр агуулгыг ч удаа дараа гаргаад байгаа аж.

“Ройтерс” агентлагийн ойрмогхон гаргасан мэдээлэлд дурдсанаар бол Оюутолгойн гэрээг өөрчилж,улмаар Монголын тал эзэмшиж буй 34 хувийгаа 50 хүртэл хувь болгон нэмэгдүүлэх, эсвэл ядаж 40 хувь болгон өөрчлөхөөр төлөвлөж байгаа аж. Тэгвэл тус ордын 66 хувийг нь эзэмшиж дэлхийд томоохонд тооцогдох энэ орд дээр хэдийнээ үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн “Айвенхо Майнз” болон “Рио Тинто” компаниуд Монголын Засгийн газрын саналыг яагаад ч хүлээж авахгүй гэдгээ илэрхийлж байгаа гэнэ. Мөн “Ройтерс” агентлаг энэ талаар тайлбар хийхдээ “Айвенхо Майнз”-ын олж байгаа ашиг орлого маш өндөр байгаа учраас Засгийн газраасаа өөрийн эзэмших хувиа өсгөхийг Монголын хэсэг хууль тогтоогчид шаардаж байгаа юм гэсэн байна.

“Рио Тинто”-гийн зэсийн бизнесийн үйл ажиллагааг хариуцсан захирал ноён Эндрю Хардинг энэ талаар өнгөрсөн мягмар гаригт болсон хөрөнгө оруулагчдад зориулсан танилцуулгын үеэр хэлэхдээ тэдний хэрэгжүүлж байгаа төсөл Монголд хэдийнээ асар их баялгийг бий болгож өгсөн гээд, “ Би Монголын олон ч сайд нартай уулзаж ярилцаж байхдаа тэд энэ бүхэн бол зөвхөн одоо олж байгаа ашиг орлогын тухай асуудал төдий биш гэдгийг ул суурьтай ойлгож байгааг нь мэдсэн. Энэ нь хөрөнгө оруулалт хийх боломжийг хайж байгаа өөр бусад олон компаниудыг асар их өдөөж байгаа зүйл юм билээ” гэсэн байна.

Мөн Оюутолгой төслийн гүйцэтгэх захирал Мак Рей энэ талаар саналаа хэлэхдээ, “Хэрэв цөөн хэсэг монголчуудын дуу хоолойгоор илэрхийлэгдэж байгаа шүүмж нь байгуулагдсан гэрээг өөрчлөгдөхөд хүргэж байх юм бол энэ нь хөрөнгө оруулагчдын итгэлийг сүйрүүлэхэд хүргэх эрсдэлтэй зүйл болж байна” гэсэн байна.

Мөн тэрээр,”Бидний үйл ажиллагаагаа явуулж байгаа бүсээс хүдэр ачсан эхний тээвэрлэгч машин гарах хүртэл нийтдээ 7 тэрбум ам.доллар зарцуулагдана гэдгийг та бүхэн санаарай” гээд, “Оюутолгойн хөрөнгө оруулагч нарт ийм үлэмж их хэмжээний хөрөнгө оруулалт хийх итгэл төрүүлэхүйц хөрөнгө оруулалтын гэрээ хэрэгтэй байна” гэж онцолсон аж. Мөн “Ройтерс” агентлагийн уламжилж байгаагаар Монголын Засгийн газраас Оюутолгойн гэрээг өөрчлөх тухай асуудал үүсгэх болсныг мэдээлж эхэлсэн мягмар гаригийн үдээс хойш Торонто дахь хөрөнгийн биржийн арилжааны үеэр “Рио Тинто”-гийн хувьцааны ханш 2.2 хувиар унасан бол Нью-Йоркийн бирж дээр мөн л 2.4 хувиар унаж нэг бүрийх нь үнэ 51.29 ам.доллар болсон байжээ.

М.НАСТ /тоймч/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж