Жадо Ринбүүчи ном айлдлаа

Хуучирсан мэдээ: 2011.09.22-нд нийтлэгдсэн

Жадо Ринбүүчи ном айлдлаа

Түвдийн их лам Жадо Ринбүүчи өнөөдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн сүсэгтэн олонд номын авшиг хүртээлээ. Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн МАН-ын хорооны хүсэлтээр Түвдийн их лам Жадо Ринбүүчи Баянзүрх дүүргийн иргэдэд “Насан хутгийн Авшиг” хүртээсэн юм. Бөхийн өргөөнд болсон уг арга хэмжээнд дүүргийн 4000 орчим сүсэгтэн олон цугларч, номын дор даган баясч, их хуврагын аравнайлсан идээ, ариун уснаас хүртсэн юм.

Жадо Ринбүүчи 1954 онд Түвдийн хойд нутаг Намцо хэмээх газар мэндэлжээ. Гурван нас сүүдэртэйд нь XIV  Далай лам бээр IV дүрийн Жадо Ринбүүчигээр тодруулсан байна. 1959 оноос Энэтхэг улсад ном үзсээр 1990 онд гавжийн дамжаа барьжээ. Монгол түмний номын багш Жадо Ринбүүчи 1990 оноос Бакула Ринбүүчигийн хамт Монголын уламжлалт бурхны шашин, соёлыг сэргээн хөгжүүлэх их үйлст өөрийн эрдэм оюунаа зориулсаар эдүгээ 20 жил болоод байна. Жадо Ринбүүчи эдгээр он жилүүдэд Монгол орны нийслэл болон 21 аймагт саатан морилж, олон түмэнд зориулан уламжлалт бурхны номын утга учрыг таниулан газар газрын хийлийг сэргээх үйл хэрэгт эдүгээ хүртэл биечлэн оролцож байгаа юм. 1997- 2004 онд Жадо Ринбүүчи Энэтхэг улсын Дарамсала дахь Дээрхийн гэгээн Далай Ламын намжил дацангийн хамба ламын ширээнд заларч байсан юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж