Хакухо өвдөг шороодлоо

Хуучирсан мэдээ: 2011.09.22-нд нийтлэгдсэн

Хакухо өвдөг шороодлоо

Японы мэргэжлийн сумо бөхийн есдүгээр сарын аки башёгийн 12 дахь өдрийн барилдаан өнөөдөр боллоо. 11 өдрийн барилдааны дараах байдлаар 100 хувийн амжилттай башёг тэргүүлж байсан ёкозуна Хакухо М.Даваажаргал өнөөдөр баруун жигүүрийн сэкиваки Кисэносатотой барилдаж, котэнагэ мэхээр өвдөг шороодсоноор 11 даваа, нэг унаатай боллоо. Гэхдээ тэрбээр башёг тэргүүлсэн хэвээр.

Макүүчи буюу дээд зиндаанд зодоглож буй Монголын бусад сумочдын тухайд сэкиваки Какурюү М.Ананд уватэдашинагэ мэхээр озэки Барутог давж, зургаа дахь даваатай авсан бол озэки Харумафүжи Д.Бямбадорж ошидаши мэхээр Точиозанг өвдөг шороодуулснаар найман даваа, дөрвөн унаатай боллоо. Мөн өнөөдрийн барилдаанд Токитэнкү А.Хүчитбаатар кэтагүри мэхээр Фүжиазумаг, Шотэнро Д.Нямсүрэн ошидаши мэхээр Тоёохибикиг, Кёкүтэнхо Н.Цэвэгням ёритаоши мэхээр Таканоямаг, Тамаваши Б.Мөнх-Оргил Тосаюүтакаг, Асасэкирюү Б.Дашням ёрикири мэхээр Тамаасүкаг тус тус давж, даваагаа ахиулжээ.

Дээд зиндаанд Монголын найман сумоч зодоглож буй бөгөөд өнөөдрийн барилдаанд ёкокуна Хакухогоос бусад нь тус тусын учраагаа яллаа.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж