Чөлөөтийнхөн хамтарсан бэлтгэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.09.22-нд нийтлэгдсэн

Чөлөөтийнхөн хамтарсан бэлтгэл хийнэ

Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлагууд дэлхийн аваргад амжилттай оролцсон баг тамирчдаа өнөөдөр “Баянгол” зочид буудалд хүлээн авлаа. Энэ үеэр чөлөөтийн бүсгүйчүүд дэлхийн аваргад хэрхэн оролцсон тухайгаа “тайлагнаж,” Монголын спортын түүхэнд байгаагүй амжилт гаргасандаа баяртай байгаагаа илэрхийлсэн юм. Дэлхийн тавцанд чамлахааргүй өндөр амжилт гаргасан Монголын эмэгтэйчүүдийн шигшээ багтай Канад, ОХУ, Хятад, Японы шигшээ багууд хамтарсан бэлтгэл хийх урилгаа ирүүлсэн тухай хэвлэлийн хурлын үеэр дуулгасан.

Мөн дэлхийн аваргын үеэр ирэх оны нэгдүгээр сард болох чөлөөт бөхийн “Mongolian open” тэмцээний урилгыг Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлагууд 40 гаруй орны багт гардуулан өгсөн байна. Ингэхдээ “Женко” группийн дэмжлэгтэйгээр Туркийн Стамбулд болсон ДАШТ-ээс алтан медаль хүртсэн бүх тамирчдын зардлыг зохион байгуулагч тал даах болсон байна. Ингэснээр дэлхийн шилдэг тамирчид Монголын дэвжээнд зодоглох боломжтой болох юм.

Энэ удаагийн тэмцээнд 104 орны 900 гаруй тамирчин өрсөлдсөн ажээ. Дашрамд сонирхуулахад, ирэх сарын дундуур Монголын чөлөөт бөхийн холбоо 50 жилийн ойн арга хэмжээгээ хийх бөгөөд энэ үеэр FILA-гийн ерөнхийлөгч болон шүүгчдийн зөвлөлийн дарга тэргүүтэй нэр хүндтэй хүмүүс манай улсад ирэх аж. Мөн Оросын шигшээ багийн дасгалжуулагч Миндиашвили буюу “Мэндээ өвөө”, алдарт бөх Сайтиев тэргүүтэй дэлхийн шилдгүүд талын Монголд хөл тавих  бололтой.

Т.Маша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж