Энхийг сахиулагчид жанжин тугандаа хүндэтгэл үзүүллээ

Хуучирсан мэдээ: 2011.09.22-нд нийтлэгдсэн

Энхийг сахиулагчид жанжин тугандаа хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсаас Афганистан болон Судан улсад үүрэг гүйцэтгэх  цэргийн багийн бүрэлдэхүүн, энхийг сахиулагчдыг үдэн гаргах ёслолын ажиллагаа өнөөдөр Офицеруудын ордонд болов. Афганистан улсад явагдаж байгаа “Тогтвортой эрх чөлөө” ажиллагаанд оролцох цэргийн баг болон Африкийн Судан улсад үүрэг гүйцэтгэх НҮБ-ын стандартад нийцсэн хоёрдугаар шатны цэргийн хээрийн эмнэлгийн багийн цэргүүд жанжин туг, бүх цэргийн их хар сүлдэндээ хүндэтгэл үзүүллээ.

Монгол Улсаас 124 цэрэг Афганистаныг зорих гэж байгаагаас 60 хувь нь өмнө нь энхийг сахиулах ажиллагаанд оролцож байсан байна. Судан улсад үүрэг гүйцэтгэх эмнэлгийн баг нь 68 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд 40 хувь нь эмэгтэй цэргийн алба хаагчид аж. Өнөөдрийн арга хэмжээнд Батлан хамгаалахын сайд Л.Болд, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Ц.Бямбажав нар болон ЗХЖШ-ын удирдлагын бүрэлдэхүүн оролцов. Хүндэтгэлийн ажиллагааг нээн ЗХЖШ-ын дарга Ц.Бямбажав хэлсэн үгэндээ “Энхийг сахиулах ажилд манай улсын цэргүүд оролцсоноороо өөрсдийгөө хөгжүүлэн чадваржуулах, туршлага суухад нь их хувь нэмэр болж байгаа” хэмээсэн юм. Батлан хамгаалахын сайд Л.Болд цэргүүддээ хандан эх орныхоо төлөө зүтгэж байгаад нь талархаж, амжилт хүслээ. Мөн тэрбээр эх орноо төлөөлөн харийн орныг зорьж буй энхийг сахиулагчдын захирагчдад Монгол Улсын алтан соёмбот төрийн далбааг өөрийн гараар гардуулан өгсөн юм.

Б.СЭЛЭНГЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж