Монгол эхнэрүүд дайныг эхлүүлдэг үү?

Хуучирсан мэдээ: 2011.09.22-нд нийтлэгдсэн

Монгол эхнэрүүд дайныг эхлүүлдэг үү?

Малчин монголчууд дунд “Гал голомтоо сахих ганц хүү минь” гэж эцэг эх нь хөл алддаг хэрнээ том охиноо бараадасхийн амьдардаг жишээ олон бий. Яагаад гэвэл ганц хүү нь биш, авгай нь гэрийнхээ төсвийг атгадаг учраас тэр. Харин хүний эхнэр болсон охин нь эцэг, эхийгээ аргалаад хаяандаа хавчуулаад байж чаддаг. Айлын халамцуухан нөхөр авгайгаасаа айхгүйгээр гэр рүүгээ яваад орчихно гэж байхгүй. Үүд хавьдаа эргэлдэж, бурхандаа нэг залбирчихаад ордог. Яагаад гэвэл авгайгаа үглэхээс сэргийлж байгаа нь тэр. Тэгэхээр манайд эцгийн бус харин эхийн эрхт ёс ноёлжээ гэж хэлэх нь цаагуураа үнэнд ойртоно.

Асуудлыг арай макро түвшинд улс орны хэмжээнд авч үзье. Ерөнхийлөгчийн гэргий ширэв татсанаас болж фургон “идсэн”  ялд унасан У.Хүрэлсэхийн тухай нэг хэсэг амтай болгон ярьж байв. Төрийн тэргүүндээ “Та төр барьж байна уу, таны эхнэр төр барьж байна уу” гэж хатуу үг чулуудсанаас болж барцадтай олон ч хоногийг өнгөрүүлсэн дээ, У.Хүрэлсүх. Уг нь бол яасан байх нь уу. Нөгөө эхийн эрхт ёсыг сөрж зогсох гэснийх нь балаг байж шүү дээ.

Айл гэрийн түвшинд бол эзэгтэйд таалагдаагүй гийчин их бодоход аяганы амсар зуухгүй л гарна биз. Харин улс орны хэмжээнд бол ял тулгуурлаад салдаг байх нь. Тэргүүн хатагтайн хүсэлтээр улс төрийн томилгоо хийж, түүнд таалагдсан хүнийг дээш нь мацуулдаг байсан л гэнэ. Нөхрийнхөө цуглуулсан мөнгийг тоолох гээд эхнэр нь гэртээ хүлээгээд сууж байгаа ухааны юм ярьцгаагаад л. Бас хэлэх үгийг нь эхнэр нь бэлдэж өгсөн гэх. Гэтэл ингэж хөөрхий эхнэрийг шүүмжлэх нь угаасаа буруу байж. Энэ бүхэн ердөө л байгалийн жамаар бүрэлдэн тогтсон эрхт ёсон байж шүү дээ.

Социализмын үед хатагтай Филатова нөхрийгөө зад загнаж, “Наад Лоохууз чинь надад таалагдахгүй байна шүү. Нүднээс далд байлга” гэсний уршгаар нөгөөдөхийг нь хязгаар нутагт цөлж байсан түүх бий. Уг нь нөхөр Лоохууз Филатова руу зааж, чичлээгүй боловч орос хатагтайн нүдэнд нэг л ёозгүй харагдаад байсан учир тэгсэн байх нь. Бүр эрт, Богд хаант Монгол Улсын үед Дондогдулам хатан Богд хааны хүзүүн дээр сууж, хэдэн шавь, лам нарынх нь эрэмбэ дарааллыг хурууныхаа аясаар сольчихдог байсан гэдэг. Өөрийнхөө нэрийг алдаршуулахын тулд ард иргэдээс 4700 гаруй лан мөнгийг татвар болгон хурааж, аймаг байгуулж байсан гэх нь ч бий. Ямар ч гэсэн тэр бол төр улсын хэргийг мэддэг том хатан байсан юм. Монгол Улс мандан бадарч байсан элэрсэн, баларсан цагт юмдаг. Тэмүүжин Жамуха андтайгаа бэлчээр булаацалдсаныхаа дараа Бөртэ хатныхаа “Жамуха анд угаасаа явуургүй хүн” гэж хэлсэн үгэнд итгэж, хаяад нүүчихсэн түүх бий. Хабул хааны ач Сачи Бэхи ээжийнхээ үгэнд орж, Тэмүүжингээс салж явсныхаа харгайгаар Жүрхин овог ч үгүй, юу ч үгүй болж хоцорсон. Тайчуудын Таргудай ээжийнхээ үгэнд орж, Тэмүүжинг хороох гэснийхээ уршгаар бас л хүндхэн зүйлтэй нүүр тулсныг “Монголын нууц товчоо”-нд тэмдэглэсэн байдаг. Гэхдээ энэ зөвхөн Монголд байдаг үзэгдэл биш бололтой.

Зүүн Өмнөд Азид Филлипиний  өмнөд хэсэгт байрлах Миндано гэдэг арлын эмэгтэйчүүд омгуудынхаа хооронд олон жил үргэжилсэн дайныг зогсоож чаджээ. Хасна Кандата гэдэг нэгэн эмэгтэй оёсон хувцсаа хөрш тосгоныхондоо зарах гэж л дээ. Гэтэл омгуудын хоорондох дайсагналаас болж хөл хорьсон учир өнөөх эмэгтэй хажуугийн тосгон руу орж чадсангүй. Бөөн зардал, чирэгдэл болж, цаг гарган оёсон зүйлээ хөршүүддээ зарсангүй. Оёдолч­ны уур хүрдэг юм байгаа биз дээ. Тэгэхээр нь хавийн хүүхнүүдийг цуглуулж байгаад бүх нийтээрээ “Эхнэрийнхээ үүргийг гүйцэтгэхээс татгалзах” уриалгад нэгджээ. Тэд нөхрүүдээсээ дайнаа зогсоохыг шаардаж, ажил хаяцгаасан байна. Мусульман шашинтай Миндано арлынхан бүтэн 40 жилийн турш хоорондоо маргалдаж, зэвсэг барин тэмцэлдэж, дайн дажинд автаад байж. Одоогоос гурван жилийн өмнө болсон нэгэн томоохон тулалдааны дараа тэндхийн 100 мянган хүн орон гэрээсээ  хөөгдсөн түүх бий гэнэ. НҮБ-ынхан хүртэл Миндано арал дээр энх тайван тогтоох гэж үзээд чадаагүй хөөгдөж байв. Тэгсэн чинь Хасна Кандата “Хэрэв бидний нөхрүүд тулалдахыг  хүсч байгаа бол бид тэдний эхнэр байх албагүй” гэж уриалсны дараа арлын эрчүүд хүний, өөрийнгүй бүгд сандарч, зэвсэг хэрэглэхээс татгалзан энхийн хэлэлцээр байгуулж эхэлжээ. Ингэж олон жил үргэлжилсэн дайныг эмэгтэйчүүд зогсоож чадсан байна. Эхнэр хүн гэдэг уг нь ийм хүчтэй байдаг аж.

Тэгвэл одоогоос хоёр жилийн өмнө зүүн Африкийн Кенид Ерөн­хийлөгч, Ерөнхий сайд хоёрынх нь хагарал туйлдаа хүрч, улс орноо эмх замбараагүй мөргөлдөөн, хагарган бутаргалд оруулах гэж байж. Харамсалтай нь үүнд дургүйцсэн эхнэрүүд нь “ажил хаялт” зарлаж, түүнээс хойш ердөө долоо хоногийн дараа талууд хэлэлцээрийн ши­рээний ард суусан удаатай. Бас Бельгид сонгууль болсноос хойш 200 гаруй хоног өнгөрсөн ч тус улсын эвслийн Засгийн газар бүрэлдэн тогтож өгөхгүй, талууд нь маргаж мэтгэлцсээр байж. Энэ үед Бельгийн улстөрч Марлийн Теммермэн Кенийн жишээг нэхэн санаж, парламентын гишүүдийнхээ эхнэрүүдэд “ажил хаялт” зарлахыг уриалсан юмдаг. Тэр эхнэрүүдийн хөдөлгөөн үр дүнд хүрдгийг мэддэг учраас ийн уран нүүдэл хийжээ.

Ямар ч гэсэн эр хүний дотор эмээлтэй, хазаартай морь багтдаг бол эмэгтэй хүний дотор эр хүн эмээлтэй, хазаартай морьтойгоо багтдаг болж таарах нь. Африкийн Кени, Филлипиний Миндано, Азийн Монгол ч бай хаана ч ялгаагүй. Гэхдээ манай эхнэрүүд нөхрийнхөө шадруудын “муу” санааг илрүүлж, тэднийг хагалган бутаргадаг. Харин  айлын эхнэрүүд хоорондоо таарахаа больж, харилцаа нь хагарч бутарсан нөхрүүдээ эвлэрүүлэхийн тулд “ажил хаялт” зарлаад байгаа юм уу даа. Хоорондоо жаахан ялгаатай ч юм шиг.

Т.Элиса /тоймч/

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж