”Боловсрол суваг” боксын ДАШТ-ийг шууд дамжуулна

Хуучирсан мэдээ: 2011.09.22-нд нийтлэгдсэн

”Боловсрол суваг” боксын ДАШТ-ийг шууд дамжуулна

“Боловсрол суваг” телевиз, “Sport box” суваг боксын ДАШТ-ийг
шууд дамжуулна

Азербайжаны нийслэл Баку хотноо дөрөвхөн хоногийн дараа эхлэх гэж буй боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын шигшээ багийн тамирчид найман жинд хүч үзэхээр долоо хоногийн өмнө Бакуг зорьсон билээ. Энэ жилийн дэлхийн аваргаас -91 ба +91 кг-ын жингээс бусад найман жинд эхний арван байрт шалгарсан тамирчдад, харин дээрх хоёр жинд эхний зургаан байрт шалгарвал Лондонгийн олимпийн эрх олгоно.  Тэгвэл, ширэн бээлийтнүүдийн хамгийн хариуцлагатай, хамгийн чухал энэхүү тэмцээнийг Монголд албан ёсоор шууд дамжуулах эрхийг “Монгол Масс Медиа” групп авсныг дуулгахад таатай байна. Ингэснээр энэ сарын 26-наас аравдугаар сарын 8-нд болох боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг та “Боловсрол суваг” телевиз, “Sport box” 24 цагийн эфиртэй спортын сувгаар шууд хүлээн авч үзэх боломжтой юм. Ингэхдээ хамгийн эгзэгтэй мөч болох хагас шигшээ тоглолтоос эхлэн албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулан үзүүлэх юм. Мөн “Eagle” телевиз, www.news.mn сайт,  "Ардын эрх" сонин өдөр тутмын мэдээллийг шуурхай дамжуулах болно.

AIBA буюу Олон улсын сонирхогчдын боксын холбооноос хоёр жил тутамд зохион байгуулдаг ДАШТ 2009 онд Италийн Милан хотод болсон.  Харин энэ удаад газар нутгаараа баруун Ази болон Европын зүүн хэсэгт байрладаг, Каспийн тэнгистэй хил залгаа Азербайжаны нийслэл Баку хотноо болно. Олимпийн эрх олгох учир энэ жилийн дэлхийн аваргад дэлхийн 130 орны 700 орчим тамирчин оролцохоор мэдүүлгээ ирүүлжээ. Он гараад Казакстанд олимпийн эрх олгох тэмцээн болох ч шаардлага өндөртэй.

Дэлхийн аваргын рингэнд Монголын баг тамирчид:

49 кг: П.Сэрдамба /Гавьяат тамирчин/
52 кг: Н.Төгсцогт /Гавьяат тамирчин/
56 кг: Д.Отгондалай ОУХМ
60 кг: Б.Жавхлан ОУХМ
64 кг: У.Мөнх-Эрдэнэ /Гавьяат тамирчин/
69 кг: Б.Түвшинбат ОУХМ
75 кг: Т.Чулуунтөмөр ОУХМ
81 кг: С.Эрдэнэбаяр ОУХМ нар тулалдах юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж