
Ургац хураалтын явц хэвийн үргэлжилж байна хэмээн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ. Хамгийн сүүлийн мэдээгээр /өчигдрийн/ үр тарианы хураалт 45 хувь, төмсний хураалт 68,4 хувь байгаа бол хүнсний ногооны хураалт 75,9 хувьтай байгаа ажээ. Ургацын урьдчилсан балансаар 427 мянган тонн үр тариа, үүнээс 419,1 мянган тонн буудай, 174,3 мянган тонн төмс, 90,5 мянган тонн хүнсний ногоо, 8,9 мянган тонн тосны ургамал, 23,4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар тогтсон байна. Өчигдрийн байдлаар үр тарианы 77,5 мягган га талбайг ангилан хадаж 44,6 мянган га талбайг цайруулан 89,3 мянган га-г шууд хураажээ. Ингэснээр нийтдээ 134 мянган га талбайгаас 196,6 мянган тонн үр тариа, 9,9 мянган га талбайгаас 126,5 мянган тонн төмс, 5,4 мянган га талбайгаас 69,7 мянган тонн хүнсний ногоо, 4,1 га талбайгаас 12,8 мянган тонн тэжээлийн ургамал тус тус хураан авчээ.
Тариалан эрхэлтийг дэмжих сангийн салбаруудад нийтдээ 9594 тонн буудай хүлээн авсны 4500 тонн нь Сэлэнгэ аймаг дахь салбарт, 3511 тонн нь Хөтөл салбарт, 1493 тонн нь Булган салбарт байгаа бол Хархорин дахь салбарт 90 тонныг тус тус аваад байгаа гэнэ. Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан мэдээгээр энэ долоо хоногийн цаг агаарын байдал тогтуун байх төлөвтэй тул нийт тариаланчдыг энэ хугацаанд ургац хураалтын ажлыг шуурхайлах чиглэлийг салбарын яамнаас өгсөн байна. Цаашид ирэх сарын 1 гэхэд ургац хураалтын ажлыг дуусгахаар төлөвлөсөн ба цаг агаарын байдал хүндрэл учруулахгүй бол хугацаандаа амжина гэдгийг албаныхан хэлж байна лээ. Нэмж дуулгахад, ургац хураалтын ажилд Батлан хамгаалах салбараас нийтдээ гурван аймгийн 42 аж ахуйн нэгж байгууллагын 1314 бие бүрэлдэхүүнийг 20-30 хоногийн хугацаатай ажиллуулахаар гэрээ хийн, ажлаа эхлүүлжээ.
Б.СҮРЭН