Шилжилтийн үеийн туршлагыг дэлхий сонирхож байна

Хуучирсан мэдээ: 2011.09.22-нд нийтлэгдсэн

Шилжилтийн үеийн туршлагыг дэлхий сонирхож байна

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 66 дугаар чуулганд оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.ЭЛБЭГДОРЖ бусад орны лидерүүдтэй хоёр талын уулзалт хийсээр байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ливийн Үндэсний шилжилтийн зөвлөлийн  тэргүүн Мустафа Аль Жалилтай НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр есдүгээр сарын 21-нд уулзлаа. Олон жил ноёрхсон дарангуйллыг түлхэн унагааж чадсан Ливи Улс өнөөдөр  дэлхий дахины анхаарлын төвд байгаа. НҮБ-ын  индэр дээрээс  улс орнуудын төр засгийн тэргүүнүүдийн  хэлж байгаа үгэнд Ливи Улсын тухай дурьдахгүй өнгөрөхгүй байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ноён Мустафа Аль Жалил  нар шилжилтийг үр дүнтэй хийх, сайн засаглалыг тогтоох талаар харилцан ярилцлаа.

“Ерөнхийлөгч Та Ардчилсан хувьсгалыг эхлүүлж, ардчиллыг бэхжүүлэх үйл явцад байнга идэвхтэй оролцож байсан. Одоо улс орноо удирдаж байгаа хүний хувьд Таныг  Ливид очид хувийн туршлагаа хуваалцвал бид баяртай байх болно. Танай улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг тэргүүлж байгаа нь бидэнд том үлгэр жишээ бөгөөд  энэ хүрээнд  хамтран ажиллах, АОХН-ийн анхаарлыг Ливид хандуулах хүсэлтэй байна” гэж Ливийн Үндэсний шилжилтийн зөвлөлийн тэргүүн  Мустафа Аль Жалил ярив. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ардчиллын туршлагаа хуваалцахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч энэ өдөр мөн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан хатагтай М.Олбрайттай уулзав. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хатагтай М.Олбрайтыг Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг санаачлагч, “эх” нь болсон хүний хувьд энэ байгууллагын үйл ажиллагааг идэвхтэй, үр дүнтэй удирдахад дэмжин хамтарч ажиллана гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.

“Шинээр шилжилт хийж ардчилалд хөл тавьж буй орнуудын хувьд суурь хууль  Үндсэн хуулиа зөв зүйтэй боловсруулж, улс төрийн тогтолцооны суурийг зөв тавих нь чухал. Бусад улсын алдааг давтахгүй байх үүднээс шилжилтийн үеийн  Үндсэн хуулийн загвар бий болгох санаачилга гаргаж байна.   Таны улс төрийн туршлага энэхүү санаачилгыг хэрэгжүүлэхэд тус болно гэж найдаж байна” гэв. Хатагтай М.Олбрайт Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалж буйд баяр хүргэж амжилт хүсээд , энэхүү байгууллагыг амжилттай даргалахад бүх талаар дэмжиж туслах болно гэлээ.

www.president.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж