Камерон МакРей ашгийн тодотголыг баталгаажуулав

Хуучирсан мэдээ: 2011.09.22-нд нийтлэгдсэн

Камерон МакРей ашгийн тодотголыг баталгаажуулав

"Оюутолгой" ХХК-ийн Гүйцэтгэх Ерөнхий захирал Камерон МакРей өчигдөр нэгэн чухал мэдэгдэл хийлээ.

Тэрбээр Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилт, үүнээс Монголын Засгийн газрын хүртэх ашиг шимийн талаар онцолсон байна. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газар Хөрөнгө оруулалтын гэрээний нийт үр ашгийн, түүний дотор бэлэн мөнгөний урсгалын 50-иас илүү хувийг хүртэнэ гэдгийг дахин баталж буйгаа уг мэдэгдэлд дурьджээ.

Уг нь энэ тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд хангалттай ойлгомжтойгоор заасан байдаг. Гэвч сүүлийн үед олон нийтийн сэтгэл санаа, ойлголтыг өөрчлөхүйц сөрөг мэдээллээр "зодож" эхэлсэнтэй холбогдуулан ийнхүү мэдэгдэл хийсэн бололтой. Товчхондоо манай УИХ төсвийн тодотгол хийдгийн адил, Оюутолгойн хөрөнгө оруулагчид Монголын Засгийн газрын хүртэх ашигт "тодотгол" хийхээс аргагүйд хүрч, зохих баталгааг өгөхөөс аргагүйд хүрсэн нь энэ.

Тэрбээр зөвхөн 2011 онд л гэхэд Монголын Засгийн газар 300 сая гаруй ам.долларыг татварын хэлбэрээр авна. Мөн 2012 оны сүүлийн хагаст анхны хүдэр олборлолт эхлэх хүртэл уг төсөл нь нийт 700 сая ам.долларыг татварын орлого, урьдчилан төлөх татвар хэлбэрээр Засгийн газарт төлнө гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.

Камерон Макрэй хэлэхдээ "Хөрөнгө оруулалтын гэрээнд 2009 онд гарын үсэг зурснаас хойш Монгол Улсын Засгийн газар болон Оюутолгойн хөрөнгө оруулагчдын зүгээс уул уурхайн энэхүү томоохон төсөл нь Монголын бүх иргэдэд үр ашигтай байхыг баталгаажуулах үүднээс хамтран ажиллаж ирлээ. Энэ хүрээнд талууд Монгол Улсын бүх хууль, дүрэм журмыг даган мөрдөж байгаа" гэжээ.

Мөн "УИХ-ын 57 дугаар тогтоол нь тодорхой нөхцлүүдийг хангаснаар Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах зөвшөөрлийг Монгол Улсын Ерөнхий сайдад олгосон юм. Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ болон Засгийн газрын үйл ажиллагаа нь эдгээр нөхцлийг бүрэн хангасан гэж үзэж байна. Энэхүү гэрээний хүрээнд Засгийн газар болон Оюутолгойн хөрөнгө оруулагчид тодорхой үүрэг хүлээсэн. Талууд Монголын бүх иргэдэд үр шимээ хүртээх энэхүү түншлэлийн хүрээнд хүлээсэн үүргээ биелүүлж байгаа.

Гэрээний хэрэгжилт болон Засгийн газрын үйл ажиллагаа нь УИХ-ын 57 дугаар тогтоолын шаардлагыг бүрэн хангаж байгаа болно" хэмээн мэдэгдэлдээ дурьджээ. Үнэхээр ч уг гэрээ нь Засгийн газарт олон арван жилийн турш татвар, рояльти буюу нөөц ашигласны төлбөр, ногдол ашиг хэлбэрээр орлого оруулах боломжийг олгож байгаа билээ.

Цаашид ч энэхүү орлого улам өсөн нэмэгдэхээр дүр зураг харагдаж байгаа. Тухайлбал, үйл ажиллагаа явуулсан эхний жилүүдэд л гэхэд Оюутолгойн уурхай нь Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүнийг 35 орчим хувиар нэмэгдүүлэхээр байгаа юм.

Тиймээс ч ноён МакРей "Гэрээнд гарын үсэг зурсан явдал нь "Айвенхоу Майнз" болон "Рио Тинто" компаниудад болзошгүй эрсдлээ бүрэн хүлээн зөвшөөрч, эхний шатанд зургаан тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг уг төсөлд оруулах итгэлийг өгсөн. Компанийн зүгээс хүдэр олборлож, орлого олж эхлээгүй ч гэсэн энэхүү хөрөнгө оруулалтыг хийсээр байгаа. Харин Монгол Улсын Засгийн газар нь өнөөдөр гарч буй зардлыг ямар нэгэн байдлаар хуваалцах шаардлагагүй.

Түүнчлэн Хөрөнгө оруулалтын гэрээ нь гадаадын хөрөнгө оруулагч нарын итгэлийг нэмэгдүүлж, ажлын байр, дэд бүтцийн хөгжил, дэвшилтэт технологийн хүрээнд эдийн засгийн ихээхэн ашгийг бий болгон, Монгол Улсын иргэдийн ажил эрхлэх боломжийг нэмэгдүүлж байна" хэмээжээ. Тэрбээр мэдэгдэлдээ Засгийн газрын хүлээн авах орлогоос гадна төсөл нь Монгол улсын иргэдэд хэд хэдэн хэлбэрээр үр ашгаа үзүүлэхийг тус бүрд нь тодорхой дурьдсан байна.

Үүнд юуны өмнө ажлын байр шинээр бий болгох асуудлыг онцолсон. Оюутолгой нь одоо аймаг бүрээс ирсэн 10 мянга гаруй иргэнийг ажлын байраар ханган ажиллуулж байна. Түүнчлэн Хөрөнгө оруулалтын гэрээнд заасанчлан уурхайн үйл ажиллагааны үе шатанд 10 ажилтан бүрийн ес нь монгол хүн байна гэдгийг дахин сануулжээ. Энэ бол ажиллах хүчний хувьд Монголын талд ховорхон олдох давуу эрх эдэлж буй хэрэг юм.

Дараагийн хөндсөн асуудал нь өндөр ур чадвартай, үндэсний мэргэжилтэй ажилчдыг бэлтгэж өгсөн тухай юм. "Оюутолгой" компаниас мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр боловсролын салбарт 85 сая ам. долларын хөрөнгө оруулалт хийж байгаа. Энэ нь Монгол Улсад хэрэгжиж буй мэргэжлийн сургалтын хөтөлбөрийн хамгийн өргөн цар хүрээтэй санхүүжилт юм. Уг ажлын хүрээнд мэргэжлийн сургалтын гурван төвийг шинээр барьж байгаа. Мөн энэ чиглэлээр дөрвөн сургалтын төв, коллежийг шинэчлэн өргөтгөж байна.

Орон нутгийн эдийн засгийг дэмжих хөрөнгө оруулалтын ажил төслийн нийт хөрөнгө оруулалтын томоохон хувийг эзэлдэг. Ингэснээр Монголын бизнес эрхлэгчид ч Хөрөнгө оруулалтын гэрээний үр шимийг хүртэж буй хэрэг юм. Тус компани Оюутолгойн уурхайг барьж байгуулах явцад 700 сая орчим ам. долларыг Монголын ханган нийлүүлэгч нарт төлөөд байна.

Эдүгээ хэрэгжиж буй томоохон хэмжээний барилгын таван төслийг Монголын гэрээт компаниуд бүрэн гүйцэтгэж байга. Энэ нь Монголын эдийн засаг, бизнес эрхлэгчдэд л ашигтай.

Ноён МакРей мэдэгдлийнхээ төгсгөлд "Оюутолгой компани болон түүний хувьцаа эзэмшигчид нь гэрээгээр хүлээсэн үүргээ ёсчлон биелүүлж Засгийн газартай үргэлжлүүлэн нягт хамтарч ажиллах болно. Энэхүү түүхэн төсөл нь цаашид үргэлжлэн, Монголын эдийн засгийг шинэчлэн өөрчилж, Монгол Улсын нийт иргэдэд үр ашгаа хүртээх болно" гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.

Түүний мэдэгдэлд цоо шинэ мэдээлэл бараг байсангүй. Монголын Засгийн газрын хийгээд олон нийтийн өдөр тутам хүлээн авсаар байгаа мэдээллүүд зонхилсон байгаа биз. Харин энэ удаад онилон багцалж, тодотгон мэдэгдэл гаргасны учир нь тэртэй тэргүй хүртэх үр ашгийн тооцоог хариуцлагатайгаар батламжлан хэлэхэд оршсон болов уу. Үнэндээ Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний нийт үр ашгийн, түүний дотор бэлэн мөнгөний урсгалын 50-иас илүү хувийг хүртэнэ гэдэг нь ут гэрээг баталсан цагаас л олон нийтэд ойлгомжтой байсан.

Харин төөрөгдүүлж, хутган үймүүлэгчид энэ хувь хэмжээг зоргоороо хасч өөрчлөөд байдаг. Энэ үйлдэл нэг бус удаа давтагдаж байгаа. Цаашид гэрээг улстөржүүлэх бус эдийн засгийн үр ашгийг хүртэх нь чухал. Тэр тусмаа Оюутолгойн гэрээний нэр хүнд, түүнийг байгуулсан Монголын Засгийн газрын нэр хүнд дэлхий дахинд хэвээр хадгалагдаж, хөрөнгө оруулалт улам нэмэгдээсэй гэсэндээ энэхүү мэдэгдлийг гаргасан нь лавтай.

Монголчууд "Амны билгээс ашдын билэг" гэж ярьдаг. Тиймээс бид хэдий чинээг төсөөлнө төдий чинээг хүртэх биз ээ. Хөрөнгө оруулалтын гэрээний "Оюутолгойн ашгийг монгол хүн бүр хүртэнэ" гэсэн билэгтэй заалт ч биелэлээ олж эхлээд байгаа билээ. Үүнд Монголчууд итгэх, хүртэх, хөгжих учиртай.

У.Оргилмаа

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж