Түүний амьдралын эгшин бүр нь амийг нь хөнөөх гэсэн аюул түгшүүрийн өнгө аяс оруулах аж. Афганий удирдагч байсан дүү, эцэг нар нь ч бусдын гарт амиа алдаж байсан юм. Гэхдээ Кабул дахь ордондоо ховорхон тохиолдох ярилцлага өгч байхдаа тэрээр гайхалтай тайван харагдав. Хамид Карзайн амьдрал аюулаар хүрээлэгдсэн. Түүнийг Афганийн ерөнхийлөгч болсноос хойш амийг нь хөнөөх дөрвөн оролдлого хийжээ. Саяхан эцэг нэгт дүү Ахмед Вали Карзай алагдсан юм. Түүний эцгийн амийг 1999 онд хөнөөсөн. Ерөнхийлөгч ордноосоо гарч зүрхлэхээр бол түүнийг хар хувцастай долоон бие хамгаалагч дагалдана. Эдгээр хамгаалагчид нь Афганийн ерөнхийлөгч ба түүний хүрээнийхнийг гадны аюулаас хамгаалах зорилгоор АНУ-ын ТТГ-ын сургасан 800 хүнтэй тусгай ангийнхан юм. Афганийн ерөнхийлөгчтэй уулзана гэдэг нь олон тооны нэгжлэг, шалгалтыг давах ёстой нэлээд зовлонтой ажил аж. Хэн нэгэн нь дэлбэрэлт хийх юм уу, эсвэл зэвсэг барьж дайрах вий. Ахмед Валийг шүршүүрийн өрөөнөөсөө гарч ирэхэд нь хамгаалалтын албаны дарга нь буудаж алсан шиг хэрэг гарах вий гэж байнга айна. Афганийн дайны 10 жилийн ой ойртож байгаа үед ерөнхийлөгч ярилцлага өгөхөөр шийдсэн нь ховорхон бөгөөд онцгой тохиолдол. Бид есдүгээр сарын 11-нд террористууд Пентагон ба ихэр хоёр цамхагт халдсаны 10 жилийн ойн өдөр уулзлаа. Тэр жилийн аравдугаар сарын 7 гэхэд Осама бин Ладенд орогнол өгсөн гэж сэжиглэгдсэн орны эсрэг АНУ ба Их Британийн удирдлагаар цэргийн ажиллагаа явуулж байв. Зургаан долоо хоногийн дараа Талибаны удирдлага алагдах нь алагдаад зугтах нь зугтав. Зул сар гэхэд тус улсыг барууны талыг баригч пуштуныг Хамид Карзай толгойлох болов. Энэ жилийн эхээр засаг барих хугацаа нь төгсгөлдөө орж байгаа гэж тэрээр хэлж байсан юм. Афганистаны Үндсэн хуулийн дагуу АНУ-ын удирдсан цэрэг байлдааны бүсээс гарах 2014 онд ерөнхийлөгчийнхөө хоёр дахь бүрэн эрхийн хугацаа нь дуусангуут тэрээр огцорно.
“Тэр үед америкчууд орж ирснийг чөлөөлт гэж хүлээн авч байв. Тэднийг тосгонуудад баяр хөөртэйгөөр угтан авч байлаа. Ард түмэн Талибаны эсрэг боссон байв. Дараа нь олон тооны алдааны улмаас бүх байдал эрс муудсан юм” гэж тэрээр ярьж байна. Ямар алдаанууд байгаа вэ? “Урвалт” болон “цус урсгалтын”. Эхнийх нь түүний хэлснээр авлига, дараах нь барууны зэвсэгт хүчин буруу захиран энгийн хүмүүсийг хохироосон тухайд юм байна. Тэрээр бурууныг авлига, гэмт хэргийг байгаагүй цар хэмжээнд авчирсан гэж буруутгахдаа үг хэллэгээ үл хайрлан зовсон шинжгүй байв. “Гэрээ байгуулахын тулд, гэрээгээ зөрчихийн тулд, нэмэлт гэрээ байгуулахын тулд, Афганийн Засгийн газарт хамаагүй гэрээ байгуулахын тулд, гэмт хэрэгтнүүдийн гарт орж байгаа сая сая долларын төлөө…” тэднийг буруутгаж, Хэдэн зуун сая ам.долларын гэрээг Засгийн газрын албан тушаалтнуудын өмнө тайлагнахгүй хувь хүнтэй байгуулж байгаа нь авлигыг дэлгэрүүлсэн хэрэг гэж тэрээр хэлэв. Өөрийнх нь хэлснээр энэ асуудлыг барууны засагтай “нэг биш удаа ярьсан” ба тэд дэндүү хожуу түүний хэлснийг зөвшөөрсөн гэнэ. “Одоо тэд “Чиний хэлсэн зөв байжээ” хэмээн хүлээн зөвшөөрч байна” гэв. Тэрээр бусад хүмүүс ч буруутайг хүлээн зөвшөөрсөн мөртлөө “асар их авлига” гадаадын нөлөөнийх гэж үзэж байна. “Афганийн Засгийн газарт, манай өөрсдийн улс төрийн хүрээнд авлига байгаа нь үнэн. Авлигын жижиг хэлбэр гар цайлгалт бол өөр хэрэг. Хэдэн сая долларын тухай яриатай гэрээний тухай гар цайлгалт бол арай өндөр төвшин юм” гэж хэлээд тэр толгой сэгсрэв. Карзайн гэр нь Кабул төв дэх цайз болох Арг-е-Шахи (Arg-e-Shahi Palace) ордон юм. Хэдэн зуун жилийн түүхтэй чулуун их бууны цамхгуудтай хана нь түүнийг Талибаны довтолгооноос хамгаалахаас гадна ард түмнээс нь холдуулдаг. Ерөнхийлөгч ард түмэндээ нээлттэй гэдэг ч түүнтэй уулзахын тулд дөрвөн нэвтрэн өнгөрүүлэх дамжин шалгуулж, үзэг тамхи, хэтэвч гээд бүхнийг хураан авдаг. Мөн үнэрч нохойгоор шалгуулна. Ордон дотор дүнсгэр тайван байдал ноёрхоно. Улаан, ягаан сарнай тавьсан цэцэрлэг. Карзай энд эмчийн мэргэжилтэй эхнэр Зенат, тэдний цорын ганц хүүхэд дөрвөн настай Мирваисийн хамт амьдардаг. Түүний ажлын өрөөний хаалганд Зөвлөлтийн булаан эзлэлт ба иргэний дайны дурсамж болсон бууны сумны ул мөр харагдана. Хүлээн авалтын өрөөнд нь алтан хүрээтэй уулын үер, бэлчиж яваа тэмээний зураг өлгөжээ. Кирзайтай уулзахаар мөн АНУ-ын шинэ элчин сайд Райан Крокер (Ryan Crocker), тус орон дахь олон улсын дотоодын хүчнийг командлагч генерал Жон Аллен (John Allen) нар хүлээж байв. Крокер Карзайгаас CNN-ний асуух асуултуудыг түүнтэй ярилцахаар бэлтгэсэн байв.
“Түүний ажил нь энэ дэлхийд хамгийн хүнд” хэмээн надад итгэсэн байдлаар Крокер ярив. Афганистаны сүүлчийн зургаан ерөнхийлөгчийн дөрөв нь алагджээ. Тэдний гурав нь өрөөндөө алагдаж, харин дөрөв дэх нь Мухаммед Наджибулла можехедууд Кабулыг эзлэхэд зугтаж чадалгүй НҮБ-ын ангийнханд баригдсан юм. Эхлээд түүний хуруунуудыг тасдаад дараа нь хөнгөлөөд ачааны машинаар чирэн олон нийтийн талбайд авчраад дүүжилжээ. Талибаныг ялагдсаны дараа Карзайг түр засгийн тэргүүнээр тавьсны дараа байр суурь нь бат бэх мэт харагдаж байлаа. Түүнд АНУ итгэж байв. Олон жилээр Талибантай хийсэн тэмцэлийн тоглоомын дараа түүнийг Америкийн тусгай албанд ажиллаж байсан гэх яриа хүртэл гарсан байв. Түүний төрөлх омгоос нь гадна Афганийн бусад омгийнхон дэмжсэн юм. Ерөнхийлөгчийн ажиллах хугацаанд нь байдал ноцтойгоор өөрчлөгдөж дуулиантай аллагууд болж түүний дүү Ахмед Вали ба Карзайн итгэлийн хүн Ян Мохаммад Хан нар амиа алдав. Аюулгүй байдал үргэлжлэн муудсаар байна. НҮБ-ын мэдээгээр энэ жилийн эхний зургаан сарын дотор амь үрэгдэсдийн дунд эзлэх энгийн хүмүүсийн хувь 15 болов. Хэдхэн хоногийн өмнө Талибан ерөнхийлөгчийн ордны дэргэдэх Элчин сайд нарын дүүрэгт довтолгоон хийлээ. Хорин цагийн турш буудалцаж, АНУ-ын Элчин сайдын яамыг тийрэлтэд гар бөмбөгөөр харвав. Ийм хохирлыг гаргуулахгүй байх шийдвэртэй арга хэмжээ авах чадвар түүнд байхгүй гэж Карзайг шүүмжилдэг. WikiLeaks сүлжээний нийтэлсэн Кабулд сууж байсан Америкийн элчин Карл Эйкенберрийн (Karl Eikenberry) дипломат захидалд Карзайг “авлигад идэгдсэн”, “ажилдаа тохирохгүй”, “таарч тохирохгүй стратегийн түнш” хэмээн нэрлэсэн байв. Одоо Америкийн албан ёсны төлөөлөгчид ерөнхийлөгчтэй сард нэг удаа уулзах болсон нь гайхмаар зүйл гэхгүй. Тэр үед долоо хоногт 3-4 удаа уулздаг байж.
Өрөөнд нь ороход Карзай ялимгүй үсрээд гараа өргөн алгаа харуулж мэндчилэв. Тэр уламжлалт цагаан камиза, хар пиджактай байв. Ерөнхийлөгч дэгжин, сайхан харагдана. Энэтхэгийн Симла оюутан байхдаа англи хэл сурсан, англиар сайн ярина. Зөвхөн заримдаа ямар нэгэн асуултад хариулах хүсэлгүй мэт байхад нь нүүр нь барайж, инээмсэглэл нь зүүн нүдний доод хэсэг татагдсанаар солигдож байлаа. Ерөнхийлөгчийн бодлогын гол чиглэл нь Засгийн газарт бүх яс үндэстэн бүлэглэлийн төлөөлөгчдийг цуглуулах “том асар” гэх бодлого юм. Тэр нь Талибаныг өсгөн өндийлгөсөн ширүүн иргэний дайнд энгийн афганичуудын туулсан хар өдүүдтэй холбоотой хээрийн дарга нарын нөлөөг нэмэгдүүлэв. Зарим хүмүүс энэ бодлогыг алдаа гэдэг. Бусдынх нь хувьд сул талаа харуулсан хэрэг, афганийн уламжлал ёсоор бол ичмээр байдлыг харуулдаг гэнэ. Карзай үүнийг сайн ойлгож байна. “Өнөөгийн засаг төрийг Кабулын мэрийн Засгийн газар гэж хочлоод байгаа” гэж ярихдаа албан тушаалтнуудын арчаагүйгээс түүний эрх мэдэл арчаагүй хязгаарлагдмал болж, улс төрийн тавцанд цэргийн дарга нар эргэн ирж байгааг дайруулсан болов уу. Гэхдээ тэр энэ шүүмжлэл нь “огт буруу. Афганистан бол маш эв нэгдэлтэй улс. Бүх омог ястнууд нь ерөнхий шигтгээг бүтээж байна” гэсэн юм. Өглөөний турш түүнд тэр “шигтгээн”-үүд нь дараалан үзэгдэж харагдлаа. Тус орны можехадуудын жигүүрүүдийн сөргөлдөөнийг 1992 онд засаг барихдаа хурцатгасан ерөнхийлөгч асан Бурхануддин Раббини, Энэтхэгт очих визийн асуудалтай парламентын гишүүд, орон нутгийн талибаны удирдлага Засгийн газарт орох гэж буйг Карзайд сонсгохоор ирсэн нэгэн омгийн ахлагч зэргийн “шигтгээн”-үүд өрөөгөөр орж гарч үзэгдлээ. (энэ ярилцлага хийгдсэнээс хойш Бурхануддин Раббанийг амиа золиослогч хөнөөжээ)
Үдийн хоолны үеэр Карзайтай Багдис (Baghdis) мужийн парламентын найман гишүүд нийлж тэд эмэгтэйчүүдэд анагаах ухаанд сурахыг зөвшөөрөхгүй байна, зам муу, цахилгаан хомс гээд л гомдол гаргаж эхлэв. Тэд өөрсдийн саналыг хэлэхээр ихээхэн шийдэмгий байсан ба хоолны дараа гарах гэсэн Карзайн гараас нэг нь шүүрээд авахад хамгаалагч нар нь таслан зогсоож байв. Яам тамгын газар нь хийчихээр ажлууд түүнийг дарж байгаа нь харагдав. Үүний төлөө барууны дипломатууд түүнийг шүүмжилдэг. Тэдний нэг нь “Карзай бүхнийг өөрөө хийхээр зүтгэж байх юм. Сайд нар нь ч тиймэрхүү өчүүхэн төдий зардлын баримтад хүртэл гарын үсгээ зурдаг” гэж ярьж байсан юм. Өөр нэг яриа нь ерөнхийлөгчийн сүүлчийн сонгуультай холбоотой. НҮБ-ын ажиглагчид Карзайн төлөө өгсөн саналын гуравны нэгийг будлиантай гээд хасч байлаа. Хариуд нь Карзай будилааныг барууныхан гаргаж, түүний нөлөөг бууруулах гэсэн гэж хэлж байв. Дээрх дипломат түүний тэр мэдэгдлийг “галзуурал” гээд Карзай өөрөө сонгуулийн дүнг будилаантуулсан гэж хэлэв. Хамгийн инээдтэй нь түүнд тэгж залилан хийх шаардлага байгаагүй бөгөөд сонгуулийн дараагийн шатанд нь засгийн газрынхаа гишүүн байсан Абдулла Абдуллаг (Abdullah Abdullah) Карзай ялах нь ойлгомтой байсан гэж дипломатч “шоолж” байна.
Дараа нь дипломатч сонгуулийн дүнгээс үл хамааран ерөнхийлөгчөөс салах талаар барууны орнууд хэлэлцээр хийж байгаа гэж мэдэгдлээ. “Би цочирдолд орсон. Би тэднийг цаг үргэлж ардчиллыг хүндэтгэдэг гэж бодож байсан” хэмээн Карзайгаас энэ талаар асуухад тэрээр хэлж байлаа. (Дипломатч надад хэлэхдээ тийм оролцоо нь Иракийн ерөнхий сайдын тушаалд 2005- 2006 онд байсан Ибрагим Аль-Жафаррийн өчүүхэн бага хугацаагаар засгийн эрх барих шалтгаан болсон. Карзайн хувьд барууны гаргаж байгаа алдаа нь түүнийг зайлуулахын оронд хэтэрхий ихээр түүнийг огцрох тухай чалчиж буй хэрэг хэмээсэн юм).
Хэрэв барууны орнууд үнэнээсээ энх тайвныг хүсч байгаа бол тэд Афганийн хэрэгт оролцохоо болих хэрэгтэй гэж Карзай шаардаж байгаа. Тэрээр Эндрю Митчеллийн баримт бичигтэй тохиолдсон бүтэлгүйтлийг сануулав. Олон улсын хөгжлийн сайд нь санамсаргүйгээр “Карзайн ерөнхийлөгчийн хугацаа дуусахыг Британийн Засгийн газар дэмжиж байна” гэсэн нууц баримтаа хэвлэлийнхэнд үзүүлжээ. “Хэрэв тэд энд тэдний сонирхлыг хэн нэгэн төлөөлөх ёстой гэж гэж байгаа бол тэд алдаж байна. Бид баруунд сэтгэл хангалуун байна уу? Тийм ээ, тэд их зүйлийг бидэнд өгсөн. Бид урт хугацааны харилцааг хүсч байна уу? Хүсч байна. Гэхдээ бид баруун Афганистаны Үндсэн хуулийг хүндэтгэн афганчуудын өдөр тутмын хэрэгт оролцохгүй байх ёстой гэж үздэг” хэмээн Карзай хэлэв.
Түүнд холбоотнууд нь итгэхгүй байгаа нь ерөнхийлөгчийн дүүг хөнөөсний дараа тод харагдлаа. Барууны орнууд Ахмед Вали героины наймаатай холбоотой гэх цууг дэгдээсэн байв. “Надад шахалт үзүүлэхийн тулд үүнийг хийсэн. Барууны зарим зүтгэлтнүүд афганий талбайг химийн хорт бодисоор хордуулахаар шийдсэн байсан. Тэр нь хөрс, усыг хордуулах аюултай байсан учир би эсэргүүцсан. Тэгэхээр дүүг маань хар тамхитай холбоотой гэсэн түүх гаргаж ирсэн. Би америк, британи дипломатуудыг дуудаж тэдэнд энэ талаар баримт байна уу гэж асуухад үгүй гэсэн хариу өгч байлаа” гэж ерөнхийлөгч өгүүлэв.
Ахмед Валийг хөнөөсөн мэдээг тэрээр албан өрөөндөө байхдаа сонсчээ. “Би буйдан сандал дээрээ яг одоогийнх шигээ сууж нэг зөвлөхтэйгөө ярьж байлаа. Би босоогүй, ширээнийхээ араас гараагүй. Тэр өдөр би Францын ерөнхийлөгч Саркозийг хүлээн авах байсан. Уулзалтыг болиулаад хэрэггүй. Бид түүнийг хүлээн авдгаараа түүнийг авна. Дараа нь дүүгийн үхлийн талаар авч үзье” гэсэн. Миний ингэсэн нь ийм учиртай. Өдөр бүрэнд аллага, бөмбөг дэлбэрч афганичууд дотны хүмүүсээ алдаж байгаа мэдээ ирдэг. Тэгээд л тэр өдөр миний хувьд афгани хүн хайртай хүнээ алдсан нэгэн тохиолдол л байлаа” гэж тэрээр ярив.
Гадаад ширүүндүү төрхөө барьж байгаа ч тэр догдолсон харагдлаа. Ахмед Валиг оршуулж байхдаа сүүлчийн салах ёс хийхээр булшинд нь шийдэмгий алхан төхөх үеийнх шиг нь түүний харцанд хоосрол мэдрэгдэнэ. Дараа нь тэр инээмсэглээд “гарч алхая” гэж урив. Бүрэнхий болж эхэлжээ. Ордон сүүдэрт дарагдаж, тэргэл саран цамхагууд дээр мандаж байв. Энэ ордны өмнөх эздийн олонхийг аймшигт хувь тавилан дайрсан тухай би аргагүй л бодож явав. Ерөнхийлөгч агснуудын сүнстэй заримдаа тааралдах шиг болдог уу? “Огт үгүй, Тэр цаг чинь өөр байсан” гээд тэрээр яриагаа ерөнхийлөгч болохоосоо өмнө бишгүй байсан Европт авчирлаа. “Би аялах дуртай. Надад энгийн амьдрал таалагддаг. Миний захиргаа дуусч, энгийн иргэн болохыг хүсэн хүлээж байна. Миний хүү Афганистанд боловсрол аваасай гэж би хүсдэг”. Бид зогсов. “Та энд ямаршуухан амьдарч байна вэ? гээд ордныг заагаад намайг асуухад “Нэг ч тийм аз жаргалтай биш” гэж тэр хариулав.
-Танай улс оронд сайхан цаг хэзээ ирэх бол?
-Барууны эрмэлзэж байгаа либерал ардчилал Афганистанд ирэх үү гэж асууж байна уу? Тйим ээ, гэхдээ барууны орнууд манай шашин, манай уламжлалыг хүдэтгэж, манай нийгмийн байдлыг мартахгүй болсон цагт. Бид Афганистанд илүү нягт хамтарч афгани түмэн ба эдгээр олон улсын хүчний хооронд түншлэл тогтоохыг эрмэлзэж байна. Афганичууд өөрсдийн ажлаа, олон улсын хамтын нийгэмлэг өөрсдийн ажлаа хийцгээг. Бид тэднийг байлгахын эсрэг биш харин бид тэднээс өөрсдийн үйлдлээ өөрчлөхийг хүснэ.
Тэрээр Гильменд муж дахь Их Британийн цэргийн эсрэг нөхөрсөг бус хандлагыг харуулаагүй. “Тэд анхны алдаанаасаа олон зүйл сурсан… Одоо тэд Афганистаны соёлын онцлог ба хэрэгцээг сайн ойлгож байгаа гэж тэрээр хэлэхдээ “Уэльсийн жонон Афганистаны сайн нөхөр, тэр афганий соёлыг сэргээхэд тусалж байна” гэлээ.
Тэрээр дэмжлэгийг зөвхөн баруунаас хайгаагүй. “Хөршүүдтэй нэн ялангуяа Пакистантай сайн харьцаатай байх нь Афганистаны тогтвортой байдалд сайнаар нөлөөлнө. Тэд илүү ихийг хийж чадна. Хятад ч ялгаагүй. Энэтхэг бас адил” хэмээн тэрээр хэлэв.
-Барууны цэрэг хурдан гарах ёстой гэж бодож байна уу?
-Афганистанд барууны цэрэг байхыг Афганий ард түмэн зөвшөөрнө. Афганий ард түмэнд тэдний тоо ямар байх нь огт хамаагүй. Афганий ард түмэн тэдний үйлдэл нь өөрчлөгдөөсөй хэмээн хүсч байна. Афганий ард түмэн шөнө дөлөөр тэдний хаалга үүдийг бүү тогшин гэр оронд нь бүү дайрч ороосой гэж хүсч байна. Афганий ард түмэн нутаг нэгтнээ шорон гянданд бүү хориосой гэж хүсч байна. Афганий ард түмэн тэднийг өөрсдийн хуулийг хүндэтгээсэй гэж хүсч байна” хэмээн нэмэрлэв.
-Арван жилийн үхэл, сүйрлийн дараа Баруун Талибаныг ялах хүсэлтэй гэдэгт та итгэж байна уу?
Карзай хэсэг зуур бодлогошроод “Би үүнд найдаж байна” гэв. Энэ нь түүний хэлснээс хамгийн шулуун шударга нь болсон байж магадгүй. “Independent Print Ltd” компанийн ерөнхийлөгч бөгөөд “The Independent” сонины эзэн Евгений Лебедевийн дэлхийн лидерүүдтэй хийж байгаа цуврал ярилцлагын эхнийх нь энэ юм.