Бэлгийн херпес ураг амьгүй төрөхөд нөлөөлдөг

Хуучирсан мэдээ: 2011.09.22-нд нийтлэгдсэн

Бэлгийн херпес ураг амьгүй төрөхөд нөлөөлдөг

“Бэлгийн херпесийн халдварын тулгамдсан асуудал” сэдэвт семинар  өчигдөр боллоо. Сургалтыг Английн “Глаксо Смит” Клайн эмийн компани зохион байгуулсан.  Семинарт нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын  эмэгтэйчүүд, төрөх, эрэгтэйчүүд зэрэг эмч нар оролцлоо. Дэлхий дахинд вирусын халдвар ялангуяа херпесийн халдвар хурдацтай тархаж байгаа. Тэр тусмаа Монголд маш их байна. Тиймээс бэлгийн замаар халдварладаг уг вирусын халдварын талаар эмч нарт мэдээлэл өгч, эмчлэх арга замыг зааж өгөх зорилгоор энэхүү семинарыг зохион байгуулж буй аж. Энэ сургалтад Улаанбаатар хотын дүүрэг бүрээс ДОХ, БЗХӨ, эмэгтэйчүүд, эрчүүд, төрөх, нярайн гээд бүхий л шатны эмч нар ирж өргөнөөр оролцов. Семинарын үеэр “Глаксо Смит Клайн” компанийн төлөөлөгч эмч Д.Одсүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Бэлгийн херпесийн халдвар гэх уг өвчний талаар та уншигчдад тайлбарлаж өгнө үү?

-Херпесийн халдвар нь энгийн вирусаар үүсгэгддэг, бэлгийн замаар болон жирэмсний үед эхээс урагт халддаг өвчин. Энэ өвчний үед бэлэг эрхтний арьс салстаар жижиг цэврүүнцрүүд гардаг. Уг өвчний халдвар нь олон дахидаг. Илрэх шинж тэмдгүүд нь амархан арилдаг ч өвчнийг үүсгэж буй вирус нь хүний биед үлдэж өвчнийг дахин сэдрээдэг.

-Бэлгийн херпесийн халдварын тулгамдаад байгаа асуудал нь яг юу вэ?

-Судалгаанаас үзэхэд манай оронд уг өвчин их тархаж байгаа ч маш нууцлагдмал хэлбэртэй байдаг. Энэ бол маш том асуудал. Мөн бэлгийн херпесийн халдвар бол манай оронд нэлээн их байдаг ураг амьгүй төрөх, дутуу төрөх, өсөлтгүй болох, үргүйдлийн гол шалтгаан нь болдог бөгөөд нөхөн үржихүйн эрхтэнд маш хортойгоор нөлөөлдөг. Эдгээр нь одоо тулгамдаад байгаа асуудлууд юм. Тиймээс энэ халдварын оношлогоо, эмчилгээг сайжруулах зайлшгүй шаардлагатай байна.

-Манай оронд энэ өвчний халдвар нэлээд их гэж хэлсэн. Хүмүүс энэ өвчний талаар хэр их мэдээлэлтэй байдаг вэ?

-Манай улсад халдвар их байдаг ч хүмүүс энэ өвчний талаар нэг их мэддэггүй юм билээ. Тийм учраас өвчлөл их байна.

Б.СЭЛЭНГЭ /сурвалжлагч/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж