
Саяхны нэг өдөр хэд хэдэн шинжилгээ өгөхөөр нэг өдрийг төлөвлөн нийслэлийн Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгийн дэргэдэх эрүүл мэндийн X төвийг зорилоо. Ажил цуглахаас өмнө шинжилгээ өгчих санаатай өглөөний 07 цагийн орчимд ирэхэд даруй 10 хүний араас дараалалд зогсохоор болчихож. Цаг гаруй хүлээлгэсний эцэст эмч нар үүдээ нээн, эхнээс нь хүлээж авах хэдий боловч “Эгнээгээрээ чимээгүй зогс, өнөөдөр 20 хүнд дугаар тараана. Өөр бусдад үйлчлэхгүй” гэх мэтээр командалж гарлаа. За тэгээд дараагийн шинжилгээ хийлгэхэд цахим бүртгэлээр заавал дугаар авах юм гэнэ. Цахим бүртгэлээр хамгийн наад талын хугацаа нь 2-3 хоногийн дараа дотрын эмчид үзүүлэх дугаар авав. Бусад шинжилгээг нь харин сургалтад эмч нар хамрагдаж байгаа учраас өөр нэг төлбөртэй хувийн эмнэлэгт үзүүл гэсэн чиг зааж орхилоо. Энэ мэтээр нэг өдөрт шинжилгээ өгөх төлөвлөгөө нурах нь тэр. Үйлчилгээ нь ч гэж авах юм алга. Зүгээр гэртээ амарч байсан хүнийг хүчээр авчраад эмчийн ажил хийлгэж буй аятай эмч нарын ааш гэж авах юм алга. Буруу хазгай хэлж орж ирснийг байнга загнаж, зандраастай. Хүн амын өсөлтөө дагаад нэг эмчид ногдох ачаалал их байгаа хэдий боловч өвдснийхөө төлөөсөнд эмчлүүлэхээс өрсөөд аашлуулна гэдэг бас нэг эмчилгээ юм гэж үү.
Ээлж хүлээсэн өдөр дотрын эмчид үзүүлэхэд төмөр алх нүдний өмнүүр гүйлгээд, урьд нь ямар нэг өвчнөөр өвчилж байсан эсэхийг тодруулаад л гүйцээ. Бие эрхтнийг “тагнах, чагнах” ёстой эмч нарын аман асуултаар үзлэг хийхэд үнэндээ гайхснаа нуух юун. Яг энэ маягаар эмчийн үүргээ гүйцэтгэж буй эмч нарт хариуцах хариуцлага гээч байна уу. Иймэрхүү эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж буй эмч нарын хувьд саяхан Эрүүл мэндийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулснаар хариуцлага алдсан эмчид 1.4-3 сая төгрөгийн торгууль ноогдуулах заалтийг үгүйсгэх нь аргагүй биз. Хатуухан хэлэхэд, хариуцлага алдсныхаа төлөөсөнд хүний алтан амь үрэгдэх, хэн нэгэн эрүүл мэндээр хохирох нь тэдэнд үнэндээ юу ч биш юм гэж үү.
Нийт хүн амын тэн хагас нь оршин суудаг Улаанбаатар хотын хувьд бүхнээ алдсан иргэн хэд байгаа бол. Аль давхаргын хүмүүс ихэвчлэн архаг, суурь өвчлөлд өртөж байна. 2008 оноос “Эрүүл Монгол хүн” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Засгийн газраас 4.2 тэрбумыг зарцуулсан ч, өнөөдрийн байдлаар гарт баригдаж, нүдэнд харагдах хэмжээний даацтай ажил хийсэн эсэх, тайлан тооцоо, үр дүнгийн талаар Эрүүл мэндийн яамнаас ямар нэг мэдээлэл хийлгүй өдийг хүрлээ. Энэ мэт асуултын хариултыг хайхаар хүн амын төвлөрөл ихтэй нийслэлийн Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгийн Тусламж үйлчилгээ хариуцсан орлогч дарга П.Эрхэмбаяраас цахим бүртгэл, нэг хүнд хичнээн өвчтөн ноогддог, ажлын ачаалал ямархуу байдаг талаар тодруулахад “Манай дүүргийн нэгдсэн эмнэлгийн тухайд зөвлөх поликлиник, хоёр салбар амбулатори, 24 өрхийн эмнэлэгтэйгээр иргэдэд анхан шатны болоод хоёр дахь шатны үйлчилгээг үзүүлдэг. Ерөнхийдөө нийслэлийн захын дүүрэг шилжилт хөдөлгөөн ихтэй гэдэг утгаараа ачаалал их. Баянзүрх дүүргийн 287 мянган хүн ам эрүүл мэндийн үйлчилгээг биднээс авах эрхтэй. Гэтэл 70 мянган хүн амд үйлчлэх хэмжээний стандарт норм бүхий орон тоогоор ажиллаж өдийг хүрлээ. Өөрөөр хэлбэл нэг эмчид ачаалал дөрөв дахин нэмэгдсэн гэсэн үг. Чанартай эмчилгээ, үйлчилгээг хүргэх үүднээс цахим бүртгэлийг ашиглаж эхэлсэн. Учир нь, үүдэндээ дараалал үүсгэсэн эмч хүн бүхэнд хүргэх үүднээс цаг наргүй ажилласнаас үдээс хойш ажлын бүтээмж муудаж, тэр хэмжээгээр иргэдэд үйлчлэх үйлчилгээ суларч байна гэж үзээд нэг эмч өдөрт 35 хүн үзэх норм тогтоож, бүртгэлжүүлж байгаа. Гэхдээ цаг хугацааны хувьд яаралтай үзүүлэх шаардлагатай иргэдэд дараалал харгалзахгүй үйлчилж л байгаа. Заавар, дүрмээ барина гэдэг хүний амь нас хариуцсан бидний хувьд их хэцүү” гэх мэт өдөр тутамд тохиолдож буй хүндрэл бэрхшээлийн талаар ийн өгүүлэв.
Ирээдүйн үнэт баялаг болох нийт монголчуудынхаа эрүүл мэндийг хамгаалж үлдэхийн тулд төр засаг анхаарах цаг болсныг дээрх мэдээллүүд баталж байх шиг. Өрхийн эмнэлгүүдийг Эрүүл мэндийн төв болгон өргөтгөх гэнэ. Ханиад, хордлого хоёроо сайн ялгахгүй өрхийн эмнэлгийн эмч нар эрүүл мэндийн төв болгон өргөжүүлээд иргэдээ эрүүлжүүлнэ гэсэн уриа лоозон нь юу л болох бол. Тоонд бус чанарт анхаарах гэдэг асуудал төөрчихөөд байгаа юм биш биз. Бас болоогүй ээ. Саяхан ОССК-иас өрхийн эмч нарыг орон сууцжуулах хөтөлбөрт хамруулах болсон талаар мэдээлж байсан. Цалингаа нэмүүлье, ахуй хангамжаа сайжруулмаар байна гэх атлаа хариуцлагаас мултармаар байна гэх цадиггүй эмч нар алтан загасны эмгэн шиг авирыг татах цаг болоогүй гэж үү.