
Энэ жилийн эхний улиралд эрүүл мэндийн хичээлээр үзэх энэ удаагийн хичээл анхных бөгөөд цаашид найм, ес гээд анги ахиад яваад байх юм байна.
Нийслэлийн V сургууль: Өдрийн ээлжийн хичээл орох цаг болсон тул урт дараалалд зогссон бяцхан багачуудтай хэсэг хугацааг өнгөрөөлөө. Тэд 13.00 цаг болоход анги ангиараа жагсч, багш ирц бүртгэснээр хичээлдээ ордог юм байна. V сургууль засвартай байсан тул хажуугийн хаалгаар сурагчдаа хүлээн авч байсан. Биднийг ч мөн адил хажуугийн хаалгаар угтан авч VII ангийн сурагчдын хамт хичээлд суухыг урилаа. Анхны хичээл болоод ч тэр үү хичээл “Хог гэж юу вэ” гэсэн асуултаар эхэлсэн. Сурагчид “Хог бол бидний хэрэглэсэн зүйлийн хэрэггүй үлдэгдэл, хүний хийж бүтээсэн зүйлийн хэрэггүй хэсэг нь” гэх мэтчилэн өөр өөрсдийхөөрөө л хариулах. Багш хогийг хэрхэн хаях, ашиглах, ялган ангилах, боловсруулах гээд олон зүйлийг ярьж өглөө. Үүний дараа хогийг дахин ашиглах боломжтой гэдгийг ч сурагчдад хэлж байлаа. Мэддэг нэгэнд нь гайхахаар зүйл биш ч зарим нэгэнд нь сонирхолтой асуулт гарч ирэв. Хогийг яаж дахин ашигладаг юм бэ гэдгийг тодруулахад “Цаас, хуванцар сав болон зарим хогийг дахин ашиглах боломжтой байдаг. Бид үүнийг мэдэж авахын тулд энэ хичээлийг сурч байгаа” гэж хичээл цааш үргэжлэв. 40 минутын дараа хогны хичээл өндөрлөж, зарим нэг сурагчидтай ярилцав. Н.Ану “Ихэнх хүмүүс гудамжинд явахдаа хогоо ил хаядаг. Тэр дундаа эрэгтэй хүүхдүүд маш их хог хаядаг. Энэ хичээлээр бидэнд, бусдад ч хэрэгтэй зүйл зааж байна. өнөөдөр бид хогийг яаж дахин ашиглаж болох талаар үзсэн. Дараагийн хичээл дээр хог хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх талаар ярилцана гэсэн. Хэрвээ хүмүүс хогоо ил хаях юм бол хогийн хоттой болно. Хоггүй хоттой болохын тулд хүүхдүүд бидний оролцоо ч гэсэн чухал” гэж байлаа.
Нийслэлийн захирагчийн ажлын албанаас энэ жил ерөнхий боловсролын сургуулийн долдугаар ангид “Хог хаягдлын менежмент” хичээлийг нэгдүгээр улирлын хугацаанд зааж эхэлсэн. Энэ хичээлийн эхний хичээлийн анхны хичээл өчигдөр орсон бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн эхний улирлын эрүүл мэндийн хичээлийн сургалтад тусгагдсан байгаа аж.
Анхны хичээлээр хог юунаас үүсдэг, хогийг яаж зөв ангилан хаях зэрэг ойлголтуудыг сурагчидтай ярилцах журмаар хичээл заасан юм. Нийслэлийн захирагчийн ажлын албаны орчны бохирдол хог хаягдын менежментийн хэлтсийн дарга Л.Баатарцогт хэлэхдээ “Ерөнхий боловсролын сургуулиудад хог ангилан хаях хогийн савыг байршуулсан. Яагаад долдугаар ангийг сонгож авсан гэхээр энэ насны хүүхдүүд нийгэмд төлөвшиж эхэлдэг үе нь. Тиймээс анхнаас нь хүүхдүүдэд хог хаях, ялган ангилах, гэр, сургуулиа цэвэрхэн хоггүй байлгах зэрэг зөв хүмүүжлийг суулгаж өгөх зорилготой. Энэ хичээл цаашлаад найм, ес гээд үргэлжлээд явна. Эхний улирал зөвхөн нийслэлийн ЕБС-ын долдугаар ангид хэрэгжиж эхэлж байна” гэлээ. Энэ хичээлээр хог хаядал хүний эрүүл мэндэд нөлөөлөх, ил задгай хог хаях, түүнээс үүсэх уршиг, сурагчид хог хаяглыг ангилан ялгаж, ашиглах багасгах, ач холбогдлыг ойлгох, амьдралдаа хэрэглэж хэвших, хоггүй орчин зэрэг хичээлүүд орох юм байна.
Хогтой, утаатай Улаанбаатар гэх нэрэндээ бид нэг л дасаад байх шиг. Хаа тааралдсан газраа хог хаяж, байгаа хэдэн хогийн саваа эвдэж сүйтгэдэг зан биднээс арилаагүй л санагдах. Хоёр алхаад л хог, байшингийн булан тойроод л хог, орцны үүдэнд хог, гэрийнх нь гадаа хог гээд энэ бүгдийг тоочоод байх утгагүй биз. Анх хог хаягдлын тухай хичээл заана гэхэд сониучирхаж байснаа дээр дурдсан. Бодоод үзэхэд энэ хичээлийг багаас нь хүүхдийн амьдралд хэвшил болгоход сургалтын чиглэлээр заах нь хэрэгтэй ч юм шиг. Хур хогоо дийлдэггүй, хоёр алхмын газар хогийн сав байрлуулж чадахгүй хойно иймэрхүү маягаар ч гэсэн хоггүй хотын ирээдүйг бий болгоход бага ч гэсэн нэмэр болоход буруудах юун билээ.
V сургуулийн захирал Ж.Баастын хэлснээр “Үүнээс гадна эцэг эхчүүд, томчуудын үлгэр дууриал маш чухал. Хүүхэдтэйгээ хамт явж байгаад хогоо дуртай газраа хаячихдаг эцэг эх, томчууд олон бий. Сургуульд нь хог хаяж болохгүй гээд заагаад байхад хамт явж байгаад л эцэг, эх нь хогоо хаяад байвал үр дүнгүй ажил болно. Тиймээс эцэг эхчүүд ч гэсэн сурагчидтай хамт хоггүй хотын төлөө гэсэн сэтгэлтэй байх ёстой” гэсэн. Ном ертөнцийг харах цонх гэдэг шиг томчууд бид хүүхдүүдийн ертөнцийг харах бас нэгэн цонх. Ямартай ч анхны хичээл болоод ч тэр үү сурагчдад сонирхолтой байсан биз. Харин энэ хичээл үр дүнгээ өгч Улаанбаатар минь жинхэнэ хотын өнгөтэй болоосой.