“Як-42”-ын нисэгчид маргалдсан уу?

Хуучирсан мэдээ: 2011.09.21-нд нийтлэгдсэн

“Як-42”-ын нисэгчид маргалдсан уу?

ОХУ-ын баатар нисэгч Магомед Толбоев Як-42 онгоцны нисэгчид хоорондоо зөрчилдсөнөөс онгоц осолдсон байх магадлалтай гэж үзэж байна. Туношна нисэх буудлын нисэх зурвасаас есдүгээр сарын долоонд хөөрсөн Як-42 онгоцны бичлэгийг үзсэний дараа тэрээр ийм дүгнэлт хийж буйгаа LifeNews сайтад нийтлэв. Онгоц Локомотив багийн хоккейчид болон ажилтнуудыг Минск хот руу хүргэх ёстой байсан билээ.

Магомед Толбоев бичлэгийг судалсны эцэст нэг нисэгч нисэх гээд нөгөө нь тормозлох гэж санал зөрөлдсөн гэдэгт итгэлтэй байгаа юм. Түүний хэлж байгаагаар багийн гишүүд даргынхаа үгийг тоогоогүй аж. Магомед Толбоев багийн гишүүд даргынхаа үгийг хэрэгсэхгүй байна гэдэг даргын сул талаас үүдэлтэй гэж ярьжээ. Харин Як-42 онгоцны техникийн бүрэн бүтэн байдал осолд хүргэх шалтгаан болоогүй гэж баатар нисэгч үзэж байна. Як-42 онгоц эдийн засгийн хувьд барууны сүүлийн үеийн онгоц шиг хэмнэлттэй биш боловч техникийн хувьд найдвартай онгоц гэж Толбоев хэлжээ.

Ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа шинжээчдийн баг нисэгчдийн цуснаас согтууруулах ундаа илрээгүй гэсэн дүгнэлтийг мягмар гаригт мэдэгдсэн аж. Онгоцны ослын баримтуудаар Нисэхийн тээврийн аюулгүй байдлын дүрмийг зөрчсөн гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгээд байгаа юм.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж