Мянган чулууны үзэсгэлэн

Хуучирсан мэдээ: 2011.09.21-нд нийтлэгдсэн

Мянган чулууны үзэсгэлэн

Дундговьд нэгэн сонин зочин ирлээ. Тэр нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Улаан цутгалангийн хүрхрээний дэргэдэх ур урлалын музейн эрхлэгч У.Мөнхбат юм.  У.Мөнхбат дөрвөн зуугаад километрийн тэртээгээс яагаад говийг зорио вэ.

-Хүн гярхай ажигч, аливааг олон өнцгөөс харах чадвартай байх хэрэгтэй.  Үүнийг би говьчууддаа ойлгуулах гэсэн юм. Говьд заг, хайлаас, тоорой, жигд гээд хангайнхаас сонин дүрстэй ур, үндэс бүхий мод, бут зөндөөн. Бас хангайн хаана ч байхгүй сонин, өвөрмөц чулуу бий. Тэр бүхнээ миний жишээгээр музей болгоочээ. Хол ойрынхны нүдийг хужирлаачээ гэдгийг л өөрийн биеэр хэлэх гэж ирлээ гэж тэр ярьж байна.

Мөнхбатад мянган чулууны үзэсгэлэн бий. Ерийн голын  мөлгөр чулуу. Бараан чулуунд цагаан, цайвар, улбар судал хээ байх юм. Тэр бүхнийг ажиглаад байхаар санаанд оромгүй сонин дүрстэй. Дүрс бүхэн давтагдашгүй тул нэгийг ч ашиг орлого хөөж худалддаггүй гэнэ. Нэгийг аваад үзвэл нууранд хөвж яваа хун шувуу, нөгөөг харвал чих нь томдсон туулай, бас нэг дээр нь хэвтэж байгаа арслан тодоос тод харагдана. Түүнд ямар нэг засал ороогүй, багаж зэвсэг хэрэглээгүй, байгаль дээрх төрхөөрөө аж.  Гурван жижиг чулуун дээрх хээг харахаар гал, нар , сар, загас бүхэн нь гүйцэд соёмбо байх жишээний. Энэ мэтээр мянган чулуу бий гэнэ.

Нөгөө нь модны ур, үндэсний элдэв дүрс. Дельпин загас, цамнаж байгаа бөө,  буга, согоо… гэхчилэн өдий төдий сонин дүрсийг эндээс олж харж болно. Бас олон ан амьтны чихмэлтэйгээс сонирхуулах гэж чонын чихмэл авчирчээ. Дундговьчууд чонотой зургаа авахуулах гэж хоёр өдөр тэнд бужигналаа. Гярхай, ажигч энэ хүний олон жилийн хөдөлмөрөөр түүний өвөрмөц музей ийнхүү бүтжээ.

С.ПҮРЭВСҮРЭН

    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж