Н.Даваа: Арай ч дахин хорихгүй байлгүй

Хуучирсан мэдээ: 2011.09.21-нд нийтлэгдсэн

Н.Даваа: Арай ч дахин хорихгүй байлгүй

Анод банкын ТУЗ-ийн  гишүүн Н.Даваа  хуурамч хуьцаа  гарган, 1200 хувьцаа эзэмшигчийг хохироосон, банкны тухай хууль  тогтоомж зөрчсөн гэх хэрэгт холбогдон өнгөрөгч дөрөвдүгээр сараас хойш цагдан хоригдож байгаа билээ. Түүнийг батлан даалтад гаргах хүсэлтийг өмгөөлөгч болон ар гэрийнхнийх нь зүгээс удаа дараа тавьсан боловч мөрдөн байцаалтад саад учруулж болзошгүй гэх үндэслэлээр цагдан хорих  хугацааг нь сунгасаар байгаа. Харин сүүлд буюу өнгөрөгч наймдугаар сарын 30-нд Баянзүрх дүүргийн шүүхэд болсон хурлаар цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, эрүүл мэндийн байдлыг нь харгалзан эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлэх шийдвэр гаргасан тул өдгөө тэрбээр Улсын клиникийн нэгдүгээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм.

Н.Даваа эхлээд Зүрх, судасны тасагт эмчлүүлж байсан бол өнөөдрөөс Бүдүүн, шулуун гэдэсний мэс заслын тасагт шилжин хэвтжээ. Түүнийг мэс заслын тасагт шилжээд байх үед нь уулзахаар очиход энгийн хувцас өмссөн  харгалзагчийн хамт гарч ирсэн юм.

-Сайн байна уу. Таны бие сайн уу?

-Сайн. Хэд хоног зүрх судасны тасагт хэвтэж эмчлүүлсэн. Овоо дээрдэж байна.

-Мэс заслын тасагт  шилжсэнийг бодоход та мэс засалд орно гэсэн үг үү?

-Тийм ээ. Мэс засалд орох болоод ийшээ шилжсэн. Чухам хэзээ орохыг нь мэдээгүй байна.

-Уучлаарай, эмчилгээний дараа таныг үргэлжлүүлж хорих болов уу?

-Хэлж мэдэхгүй байна. Гэхдээ арай ч үргэлжлүүлэн хорихгүй байх гэж найдаж байна. Ер нь миний эрүүл мэндийн байдал удаан хугацаанд цагдан хоригдоход хэцүү болсон. Мэргэжлийн эмч нар ч үүнийг хэлж байгаа.

-Цагдан хоригдож байгаа Анод банкны бусад гишүүд Э.Гүр-Аранз, Д.Энхтөр нарын биеийн байдал ямархуу байгаа бол?

-Намайг харгалзагчтай байгааг харж байгаа биз дээ. Иймэрхүү зүйл ярьж болохгүй, хориотой. Ямар ч байсан эхлээд биеэ бодох хэрэгтэй байна. Би хоригдож байхдаа захидал бичиж, нийтлүүлж байсан даа. Уг нь түүн дээр тодорхой зүйлүүд дурьдсан байгаа.

Биднийг ийн ярьж байтал харгалзагч гэх энгийн хувцастай залуу  Н.Давааг буцаж орохыг шаардсан юм.

Н.Даваа цагдан хоригдож байхдаа ирүүлсэн захидалдаа “Анод банк нь зөвхөн иргэдийн мөнгийг хадгалж, зээл олгох төдийхнөөр ажиллаж байгаагүй. Улс орныхоо ирээдүй, эдийн засгийн өсөлтийг хангах хөрөнгө оруулалтын олон чухал ажил зохион байгуулж байсан. Энэ талаараа төр засгийн эрх баригчдад удаа дараа танилцуулсан”  гэжээ

Н.Давааг өнгөрөгч дөрөвдүгээр сард баривчлагдах үед эхнэр Т.Оюунгэрэл нь “Хууль хяналтынхан эхлээд дугарсан хэдийг баривчилчихвал дараагийн хүмүүс нь дугарахгүй гэсэн зарчмаар ажиллаж байна. Улс эх орныг маань худалдаж, луйвардах гээд байгаа хүмүүсийн талаарх мэдээллийг нөхөр маань том эх сурвалжаас ойлгоод мэдчихсэн учир л тэмцэх болсон. Анодын хэрэг бол тойроод маш олон нөлөө бүхий хүмүүсийн эрх ашиг орсон хэрэг. Энэ хэрэгт нөхөр маань ямар ч холбоогүй. Нэг ч төгрөг идэж уугаагүй. Дээр нь яг гүйцэтгэх ажлыг хийдэг гар хөлийн үсэг зурдаг хүн биш атлаа баривчлагдлаа “ хэмээн ярилцлага өгч байжээ. Тэрбээр нөхрөө  батлан даалтад гаргахаар  мөрдөн байцаагч, цагдаа, прокурорт удаа дараа хүсэлт гаргасны үр дүнд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээр болсон юм.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж