Хятадад химийн үйлдвэрийг хаажээ

Хуучирсан мэдээ: 2011.09.20-нд нийтлэгдсэн

Хятадад химийн үйлдвэрийг хаажээ

Хятадын зүүн муж дахь Хайнинг хотын “JinkoSolar Holding” компанийн химийн үйлдвэрийг оршин суугчдын эсэргүүцлээс болж хаажээ. 

Химийн үйлдвэрийн хорт хаягдалд хордож голын загас ихээр үхсэнээс суурингийн 500 орчим оршин суугчид гурван өдрийн турш эсэргүүцлийн хөдөлгөөн зохион байгуулсан байна. Жежиан мужийн бухимдсан оршин суугчдын зарим нь үйлдвэрт нэвтэрч, оффисыг нь бусниулж, компанийн машинуудын цонхыг хагалж эвдэлсэн тул цагдаа нар ирж үймээнийг даржээ. Голын уснаас авсан сорьцын шинжилгээгээр усан дахь фторын хэмжээ их байгаа нь тогтоогдсон байна. Фторын хэмжээ тогтоосон хэмжээнээс их болсон тохиолдолд маш аюултай юм байна. Компанийн удирдлагууд  үйлдвэрийг хааж, шаардлагатай арга хэмжээг авахаа мэдэгдсэн байна. Компанийн ажилтнуудын ярьж буйгаар өнгөрсөн наймдугаар сард орсон аадар борооны улмаас үйлдвэрийн хорт бодис голын устай нийлсэн ажээ. Компани үйлдвэрлэлд хэрэглэдэг химийн хорт бодисыг  агуулахад биш задгай талбайд хадгалдаг байсан гэнэ. Үйлдвэрийн шинжээчид голын загас олноор үхсэн шалтгаан фтор мөн эсэхийг тогтоохоор ажиллаж байгаа юм байна. “JinkoSolar Holding” компани нь Нью-Йоркийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Хятадын нарны эрчим хүчний компанийн салбар ажээ. Мужийн удирдлагууд голын бохирдол болон химийн хорт бодисын алдагдалд буруутай компанийн үйл ажиллагааг зогсоохоо мэдэгдсэн байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж