Ангела Меркель айлчлалаа цуцлахгүй

Хуучирсан мэдээ: 2011.09.20-нд нийтлэгдсэн

Ангела Меркель айлчлалаа цуцлахгүй

ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель Монгол Улсад айлчлал хийхээр болсон. Энэхүү айлчлалыг санаачлагч, уригч нь Засгийн газрын тэргүүн тул Засгийн газрын хэвлэлийн албанаас айлчлалын хөтөлбөр, тов гарсан эсэх талаар тодруулсан юм. Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга М.Оюунчимэг “Ерөнхий сайд С.Батболдын урилгаар ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель ирэх сарын 12-нд манай улсад айлчлахаар болсон. Гадаад харилцааны яам энэхүү айлчлалын талаар албан ёсоор мэдээлсэн. Айлчлалын талаар албан ёсны товыг Засгийн газраас гаргаагүй. Энэ нь хоёр орны Гадаад харилцааны яамд айлчлалын талаар зөвшилцөж, тохиролцсоны эцэст айлчлалын товыг нэгэн зэрэг гаргадагтай холбоотой” гэсэн юм.  

Хэдий албан ёсны тов гараагүй ч ХБНГУ-ын Канцлерийн айлчлал болох тухай албан ёсны мэдээллийг тухайн улсын холбогдох албаныхан удаа дараа өгч байсан аж. Тухайлбал, өнгөрөгч наймдугаар сарын 15-нд УИХ-ын дэд дарга Г.Батхүү ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Пиус Фишерийг Монгол Улсад ажиллах албан ёсны томилолтын хугацаа нь дуусч байгаатай холбогдуулан уулзалт хийх үеэр Элчин сайд Пиус Фишер дэд дарга Г.Батхүүд хандан “Ирэх аравдугаар сард ХБНГУ-ын Канцлер хатагтай Ангела Меркель Монголд төрийн дээд хэмжээний айлчлалыг хийхээр төлөвлөөд байгаа билээ. Цаашид ХБНГУ, Монгол Улс зөвхөн нэг салбарт бус нийгмийн бүхий л салбарт хамтран ажиллах эхлэл тавигдсан гэж хэлэх байна” хэмээн онцлон тэмдэглэж байжээ.

Мөн Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Петер Шалерыг энэ сарын 9-нд хүлээн авч уулзах үеэр ч мөн асуудал хөндөгдөн Холбооны бүгд найрамдах Герман улсын канцлер, хатагтай Ангела Меркель Монголд ирэх талаар яриа өрнөсөн байна. Энэ уулзалтын үеэр яригдсан өөр нэг асуудал нь Монгол Улсын Засгийн газар Европын стандартыг эх орондоо нутагшуулах зорилттой ажиллаж байгаа тухай байсан юм.

Ямартай ч Канцлерийн айлчлал ирэх сард болох нь дээрх албан ёсны тайлбаруудаар баталгаажиж байгаа ч албан бус эх сурвалжийн мэдээллээр Б.Хурцын хэрэгтэй холбоотойгоор цуцлагдаж магадгүй гэсэн яриа гараад байгаа. Энэ талаар няцаалтыг Гадаад харилцааны дэд сайд Д.Болор хийж “Энэ айлчлалыг Б.Хурцтай холбох юм үнэндээ байхгүй. Олон жилийн өмнөөс төлөвлөгдсөн айлчлал шүү дээ” гэж үгүйсгэсэн юм.

Б.МАНД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж