76131 өрх халаалтад бүрэн холбогджээ

Хуучирсан мэдээ: 2011.09.19-нд нийтлэгдсэн

76131 өрх халаалтад бүрэн холбогджээ

Өнөөдөр хуралдсан Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөлгөөн дээр албаны хүмүүсийн хийсэн мэдээллээр нийслэлийн хэмжээнд 76151 өрх халаалтад бүрэн холбогдоод байна. Хан-Уул, Таван шар дахь зарим нэг хувийн орон сууцнуудыг эс тооцвол дулаан авах ёстой газрууд бүрэн аваад байгаа ажээ.

Харин сургууль, цэцэрлэгийн дулаан авалт 45 хувьтай, төсвөөс олгодог мөнгийг нь 10 дугаар сарын нэгнээс тооцож олгодог учир эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагууд халаалтаа авч эхлээгүй байгааг Дулааны шугам сүлжээний газрын удирдлага танилцуулсан юм. Энэ жил инженерийн шугам сүлжээний засварын ажлыг нэгдсэн төлөвлөгөө, хуваарийн дагуу шуурхай гүйцэтгэж дууссан. Мөн өнгөрсөн жил Улаанбаатар хотын Ерөнхий менежер Улаанбаатар хотын хэмжээнд мөрдөх халаалтын ерөнхий горимыг баталж, түүнийг чанд мөрдөж ажиллаж байгаа нь тус салбарын ажил амжилттай байгаагийн нэг чухал нөлөө гэдгийг холбогдох албаныхан онцолж байгаа юм. Үүний нэг тод жишээ нь өнгөрсөн өвөл иргэдийн зүгээс халаалт дулаантай холбоотой гарсан гомдол санал өмнөх жилийнхээс 20 гаруй хувиар буурсан үзүүлэлт гарчээ.

Дулааны шугам сүлжээнийхэн сайн ажиллаж байгааг хотын дарга онцлоод энэ жил хийгдсэн нэгэн томоохон ажлыг цохож танилцуулсан. Хотын дарга холбогдох албаныхнаар судалгаа хийлгэж, ажил эхлүүлснээр Сансрын арын гэр хорооллынхон түүхий нүүрс хэрэглэхгүй байх нөхцөл бүрдэж, цаашид орон сууцны том хороолол бий болох техникийн шийдлийг хийж чадсан явдал юм. Эхний ээлжинд энэ орчмын 40 гаруй бага оврын даралтын зуухыг зогсоож, төвлөрсөн дулааны шугамд холбох бэлтгэл ажил одооийн байдлаар 80 гаруй хувьтай байгаа бөгөөд өнгөрсөн амралтын өдрүүдэд зам огтолж шугам тавих ажлыг гүйцэтгэсэн байна. Ер нь цаашид Улаанбаатар хотыг утаагүй болгох үүднээс зуух тараах бус эхний ээлжинд утаа бага гаргадаг түлшээр хангаж байгаад, гэр хорооллыг төвлөрсөн дулаанд холбох ажлыг үе шаттай хийнэ гэсэн чиглэл барьж буйгаа ч хотын дарга энэ зуур сануулаад авсан. Энэ нь Мянганы сорилын сангаас иргэдэд тараах утаагүй зуухны ажлын явц хот болон холбогдох яамдтай уялдаа холбоогүй, муу байгаатай холбоотой мэдээлэл цөөнгүй удирдах ажилтны хийсэн мэдээлэлд гарсантай холбоотой юм. Тэрбээр түүхий нүүрс түлэхийг хориглосон бүсүүдэд түлшний татаасанд олгож буй ваучерийг ямар байдлаар олгох, түлшээ хаанаас олгох, утааны байцаагч нарыг хэрхэн ажиллуулах асуудлыг энэ 7 хоногт багтаан шийдэхийг энэ асуудлыг хариуцсан орлогчдоо даалгалаа.

www.ulaanbaatar.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж