
Уг нь хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж чадсан нөхцөлд аж ахуйн нэгжүүд бага хүүтэй, урт хугацаат зээл авч, компаниа томруулж улмаар өрсөлдөх чадвараа дээшлүүлэн гадаад зах зээлд бүтээгдэхүүнээ экспортлох боломжтой. Тиймээс Монгол Улс хөгжлөө түргэтгэе гэвэл хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх талд онцгой анхаарч, хамгийн их ашиг өгөх салбараа гадаадынханд өгөөд байх биш, өөрсдөө ашиглах талд анхаарах нь чухал байна гэдгийг Бүртгэл санхүү, эдийн засгийн ажилтны улсын V зөвлөгөөнд оролцогчид хэлж байна. Өөрөөр хэлбэл, уул уурхайгаа үндэсний аж ахуйн нэгжүүд ашиглаад эхэлбэл, түүнээс олох бүхий л ашиг Монголдоо үлдэнэ. Тийм учраас үндэсний компаниуд томрох шаардлагатайг зөвлөгөөнд оролцогчид онцлон тэмдэглэж байна.
Хоёр дахь анхаарах асуудал нь Монгол Улс дан ганц уул уурхайгаас хамааралтай болж болзошгүй. Хэдийгээр Монгол Улсын эдийн засаг ойрын хугацаанд хурдацтай өснө гэсэн өөдрөг төсөөллүүд гарах болсон ч өсөлтийг хангаж байгаа ганц баялаг нь эрдэс баялаг болжээ. Эрдэс баялгийг дагаад гадаадаас их хэмжээний хөрөнгө урсан орж ирэх болсон. Жижиг эдийн засагтай орны хувьд түүнийг шингээх чадвар хомс байгаа. Энэ нь эргээд инфляци үүсэхэд ч нөлөөлдөг. Харин одоо энэ их мөнгөний урсгалыг зөв шингээх нэг арга нь нөхөн сэргээгдэх чадвартай мал аж ахуйн салбараа дэмжих явдал. Улсын хэмжээнд мал аж ахуйгаар амьдралаа залгуулдаг 150 мянга орчим малчин бий гэнэ. Мөн түүхий эдийг нь боловсруулж, тэр дундаа ноос, ноолуураар бүтээгдэхүүн хийдэг үндэсний аж ахуйн нэгжүүд цөөнгүй. Тиймээс уул уурхайгаас орж ирэх их баялгийг хөдөө аж ахуйн салбарт шингээж, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдээ тордох нь эргээд Монгол Улсын эдийн засаг дан ганцхан уул уурхайн салбараас ангид байхаас сэргийлж чадна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад өнгөрсөн 20 жилийн хугацаанд дан ганц банкны салбар давамгайлсан эдийн засаг хөгжсөн шиг, уул уурхай давамгайлвал, хөдөө аж ахуйн салбар уналтад орж, түүнийгээ дагаад эдийн засаг сульдах аюул ард бий ажээ.