Монгол бөх Гиннесийн номонд

Хуучирсан мэдээ: 2011.09.18-нд нийтлэгдсэн

Монгол бөх Гиннесийн номонд

Монгол бөхчүүд Гиннесийн номд орохын төлөө хүч үзэн барилдаж байна. Төв цэнгэлдэх хүрээлэнд монгол эх орныхоо өнцөг булан бүрээс барилдахаар ирсэн хүчит 6000 бөхийн барилдаан өчигдөр эхэлсэн юм.

Энэхүү дэлхийн дээд амжилтыг тогтоохын төлөө зохион байгуулж буй өвөрмөц арга хэмжээний нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд оролцож үг хэлэхдээ “Манай улсын түүхэнд ийм олон бөх барилдаж байгаа нь анхны тохиолдол болж байна. 2,8 сая хүн амтай манай улсад 6000 бөх барилдана гэдэг бол рекорд амжилт юм. Дэлхийн дээд амжилтуудыг тодотгон бичдэг энэхүү номд багтвал Монгол Улсаа сурталчлах томоохон арга хэмжээ болох юм гээд энэ нь дэлхий дахинд улс эх орон, соёл түүх, зан заншил, үндэсний спортоо сурталчлахад Монгол бөхийн холбоо, Монголын бөхчүүдийн оруулж байгаа хувь нэмэр юм” гэдгийг тодотгосон.

Энэхүү барилдаан нь ард иргэдийнхээ дунд нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, эрүүл чийрэг, өрсөлдөх чадвартай Монгол хүнийг хөгжүүлэхэд хувь нэмэр болно гэж үзэж байгаагаа Засгийн газрын тэргүүн тэмдэглээд, энэхүү түүхэн ховор барилдаанд зодоглож буй бөхчүүд үнэн хүчийг үзүүлж, Монгол хүний ур ухаан, хурд хүчний гайхамшигт барилдаан, үндэсний спортын дэг жаягийг дэлхий ертөнцөд харуулах учиртай гэдгийг онцолсон юм.

Барилдаанд анх 4096 бөх барилдуулахаар төлөвлөж байсан ч Монгол бөхийг дэлхийн дээд амжилтад бүртгүүлэх түүхэн үйл явдлыг хүндэтгэн цугласан бөхчүүдийн тоо 6000-аас хол давсан тул зохион байгуулагчид бүртгүүлсэн 6000 бөхийг тэнцүүлэн барилдуулах шийдвэр гаргасан юм. Ингээд 13 даваатай  энэхүү түүхэн барилдаанд дархан аварга Б.Бат-Эрдэнэ, даян аварга Г.Өсөхбаяр, аварга О.Балжинням, Б.Мөнхбат нарын тэргүүтэй хүчит 6000 бөх зодоглож байна. Барилдаан Төв цэнгэлдэх хүрээлэнд таван өдөр үргэлжлэх бол сүүлийн дөрвөн өдрийн барилдаан “Монгол бөхийн өргөө”-нд болох юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж