Өнөөдөр барилдсан гурван бөх тэмцээнээ дуусгалаа

Хуучирсан мэдээ: 2011.09.17-нд нийтлэгдсэн

Өнөөдөр барилдсан гурван бөх тэмцээнээ дуусгалаа

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний зургаа дахь өдөр буюу өнөөдөр Стамбулын дэвжээнд гарч барилдсан Монголын гурван бөх гурвуулаа ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа.

ДАШТ-ий сонгомол бөх болон эмэгтэй, чөлөөт бөхийн тэмцээн өндөрлөж, аваргууд тодорсон ба өнөөдөр эрэгтэй, чөлөөт бөхийн 60, 84, 96 кг-ын жингийн барилдаан болж байгаа юм.

Эрэгтэйчүүдийн 60 кг-д эх орноо төлөөлсөн Азийн наадмын аварга, ОУХМ Г.Мандахнаран эхний тойрогт Өмнөд Солонгосын бөх И Сюн-Чулд 0:2, 0:1 харьцаатай ялагдсан. Манай бөхийг ялсан БНСУ-ын тамирчин хоёрдугаар тойрогт Египетийн бөхийг ялсан ч удаахь барилдаандаа Пуэрто-Рико улсын бөхөд дийлдсэн учир Г.Мандахнаран дагах барилдаанд зодоглох боломжгүй болсон юм.

Харин 84 кг-д ОУХМ П.Өсөхбаатар эхний тойрогт хийлсэн ч хоёрдугаар тойргийн барилдаанд Пуэрто-Рикогийн тамирчин Жейми Юсеф Эспиналд 1:5, 1:2 харьцаатай ялагдсан бол 96 кг-ын жинд ОУХМ Н.Золбоо эхний тойрогт Мексикийн бөх Силва Риосыг 3:0, 0:1, 1:0 оноогоор ялсан ч хоёрдугаар тойрогт Словакийн Жозеф Яловиарт 0:6, 3:0, 1:0 харьцаатай дийлджээ.

Маргааш буюу дэлхийн аваргын сүүлийн өдөр эрэгтэй, чөлөөт бөхийн 66, 74 болон 120 кг-ын жинд аваргууд тодорно. Эдгээр жинд Монголын багаас Б.Батзориг /66 кг/, П.Өнөрбат /74 кг/, Ж.Чулуунбат /120 кг/ нар барилдах юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж