
Энэ фестиваль нь алтай болон бусад мужийн оршин суугчдад улаан номонд орсон ховор ирвэсийг хайрлан хамгаалах талаар сурталчлах зорилготой юм. ОХУ-д нийтдээ 150-200 орчим цасны ирвэс байгаагийн 40 нь Алтайн уул нуруудаар нутагладаг.
Дэлхийн Байгаль Хамгаалах Сангийн / WWF/ Алтай Саяны төслийн хүрээнд ОХУ-д анх удаа зохиогдож байгаа энэ арга хэмжээнд Буриад, Монгол, Киргиз болон Казахстанаас төлөөлөгчид оролцож байна. Мөн АНУ болон Казахстаны ирвэс хамгаалах мэргэжилтнүүд фестивальд оролцохоор ирээд байгаа юм.
Фестиваль Горно-Алтай хотын төв талбайд хүүхдийн урлагийн тоглолтоор эхэлж байгаа бөгөөд зочдод зориулсан уралдаан тэмцээн, гала концерт болон нэгдүгээр сараас тавдугаар сарын хоорнд үргэлжилсэн Цасны барсын нутаг нэртэй марафон конкурсын аваргыг тодруулах зэрэг арга хэмжээгээр үргэлжлэх юм.
WWF энэ фестивалийг цааш үргэлжлүүлэх нь алтай мужид жуулчлалыг хөгжүүлэх боломжийг бий болгоно гэж үзэж байна.